Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээг авдаг. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчны допингийн сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлж, 48 цагийн дотор хариуг нь авах тухай холбогдох албаныхан мэдээлээд байсан юм. 

Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа,

"Долдугаар сарын 12-ны шөнөдөө тамирчдаас допингийн шинжилгээг авч дуусдаг. Сорьцыг 13-ны өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгнө. Хэдийгээр амралтын өдөр ч тус хотын лаборатори ирсэн үед нь шинжилгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. 48 цагийн дотор шинжилгээний эхний хариуг Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага болон бөхийн салбар хороонд ирүүлэх юм" хэмээн мэдэгдсэн.

Үүнээс хойш 48 цагийн дотор хариуг авах юм. Хэрэв сэжигтэй хариу илэрвэл допингийн яг ямар төрлийн бодис болохыг эцэслэн тогтооход 14-21 хоног шаардагдана.