"Парис 2024" олимп нээлтээ хийхэд 10 хоног үлдлээ. Манай улсаас энэ удаагийн олимпын есөн төрөлд 33 тамирчин эрх авсан. Харамсалтай нь Монголын буудлагын спортод эрх авсан зарим тамирчны мэдүүлэг дутуу байсны учраас оролцох ёстой дасгалдаа орж чадахгүй болжээ.

Тодруулбал энэ удаагийн олимпод ОУОХ-ны гишүүн 81 орны 320 тамирчин буудлагын төрөлд 432 эрх авсан. Манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд Н.Баяраа, Э.Даваахүү, эмэгтэйчүүдийн ангилалд О.Есүгэн нар эх орноо төлөөлөн Парисыг зорих юм.

Гэвч манай тамирчдын мэдүүлэг дутуу байсан тул О.Есүгэн, Н.Баяраа нар гурван дасгалд буудахаас эрх авсан төрөлдөө л цэц сорих болжээ. 

Энэ талаар МҮОХ-ноос утсаар лавлахад "Цаанаас өгсөн мэдүүлгийн дагуу бичиг баримтыг нь бүрдүүлсэн. Манай тамирчид эрх авсан төрөлдөө олимпод оролцоно" гэсэн хариуг өгсөн юм.

Харин уг асуудлаар шигшээ багийн тамирчин О.Есүгэнээс тодруулахад "Өмнөх олимпоос дүрмийн өөрчлөлт гараагүй. Өнгөрсөн жилийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий 50 метрийн гурван байрлалаас буудах төрөлд эрх авсан. Олимпын эрхийн квот нь дүүрээгүй бол 10 метрийн хийн урт бууны төрөлд оролцох эрх мөн надад ирэх ёстой. Гурван жилийн өмнө Токиогийн олимпод 10 метрийн хийн буугаар эрхээ авч, хоёр дасгалд буюу 50 метрийн гурван байрлалаас буудах төрөлд бас оролцсон. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд эрх авсан бол холимог багт бас оролцох боломжтой. Харамсалтай нь энэ мэдүүлгийг өгөөгүй байна. 

Буудлагын төрөлд манай улсаас гурван тамирчин оролцоно. Э.Даваахүүгийн мэдүүлгийг бүрэн явуулсан тул хоёр дасгалд цэц сорихоор болсон ч урт бууны ангилалд эрх авсан Н.Баяраа болон миний мэдүүлгийг дутуу явуулсанд гомдолтой байна.

Миний хувьд одоогоор олимпын бэлтгэлээ Австрид базааж байна. Холбооны зүгээс хийх ёстой ажлаа бүрэн хийж байгаа" гэсэн хариу өглөө.