Хамгийн бага төсөвтэй Олимпын наадам “Парис-2024”
2024/07/19
Ердөө долоохон хоногийн дараа хүн төрөлхтний энх тайвны бэлгэ тэмдэг спортын их наадам дэлхийн загварын нийслэл Парис хотноо эхлэх билээ.
Зуны олимпын XXXIII удаагийн наадам “Парис-2024” хэд хэдэн улс төр, цаг уурын онцгой нөхцөл байдалтай зохион байгуулагдаж байна. Учир нь зохион байгуулагч орон болох Францын дотоод улс төр сүүлийн хоёр сарын хугацаанд их үймээнтэй байна. Ерөнхийлөгч Э.Макроны шийдвэрийн дагуу дахин сонгууль явагдаж төвийг сахигчид олонхын санал авч чадсан хэдий ч засгийн газрын бүрэлдэхүүн одоог хүртэл тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Түүнээс гадна хэд хэдэн бүс нутагт геополитикийн мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байгаа ба олимпын наадмын дараагаар нөхцөл байдал хурцдаж болзошгүй нөхцөл байдал ажиглагдах болоод байна.
Нээлтийн ёслолын хамгаалалт төлөвлөгөөний дагуу явагдана
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын амь насанд заналхийлсэн халдлага гарсан. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын хувьд ямар нэг бэртэл гэмтэл аваагүй хэдий ч тус халдлага нь олимпын наадмын харуул хамгаалалтыг чангатгах зохион байгуулагчид дахин нэг нягтлан шалгах шаардлагыг үүсгэж буй нь мэдээж хэрэг билээ.
Парисын олимпын зохион байгуулагч Ламбис Константинидис дээрх халдагатай холбоотойгоор аюулгүй байдал, хамгаалалтын төлөвлөгөөнд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. АНУ-ын аюулгүй байдлын албантай нягт хамтын ажиллагаатай байгаа ба хилийн чанад дахь болон дотоод улс төрийн асуудлаас үүдэн энэ оны эхээр Франц улс аюулгүй байдал хамгаалалтын асуудлыг чангатгасан хэмээн тайлбарласан байна.
Энэ сарын 26-нд Парис хотноо болох нээлтийн ёслолд 100 орны төр засгийн тэргүүнүүд оролцох учир ёслолд 45 мянган цагдаагийн албан хаагчид хамгаалалтад ажиллах юм байна. Энэ удаагийн олимпын наадмын нээлт задгай талбайд буюу цэнгэлдэх хүрээлэнгээс гадна зохион байгуулагдаж буй анхны олимпын наадмын нээлт юм. Олон улсын тамирчид 80 гаруй завиар Сена мөрнөөр Эйфелийн цамхаг руу чиглэн зургаан кмыг туулах учиртай. Тэд дээрх замын турш Францын нийслэл дэх түүхэн дурсгалт хамгийн гайхалтай жуулчдын заавал үзэх газруудын хажуугаар өнгөрөх багахан хэмжээний аяллыг зохион байгуулагчид төлөвлөсөн байна. Мөн тамирчид, албаны хүмүүсээс гадна наадмын нээлтийг үзэхээр 300 мянга гаруй үзэгчид үзэх төлөвтэй байна.
Олимпын наадмын хамгийн сүүлийн үеийн төрөл “Breaking” бүжиг
Нэгэн цагт андерграунд бүжгийн хөдөлгөөн байсан “Breaking” бүжиг анх удаа "Парис-2024" зуны олимпын төрөлд орж байна. Энэхүү шинэ төрлийн тэмцээн нь наадмын хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медалийн эзэд тодрох юм. Олон улсын олимпын хороо 2020 оны арванхоёрдугаар сарын 7-нд залуучуудыг татах, жендерийн тэгш байдлыг хангах ажлын хүрээнд энэхүү төрлийн спортын их наадамд нэмсэн байдаг. Хип хоп урсгалын үндсэн дөрвөн элементийн нэг болох дээрх бүжгийн төрлийн олон улсын чанартай тэмцээнүүд 1990 оноос хойш зохион байгуулагдах болжээ. Түүнээс хойш 2018 оны Буэнос-Айресын залуучуудын зуны олимпын наадмын төрөлд орж байсан юм. Дараа жил нь буюу 2019 онд Филиппин улсад Зүүн өмнөд Азийн наадмын албан ёсны төрөл болсон нь ийнхүү хүн төрөлхтний спортын их наадам зуны олимпын албан ёсны төрөл болоход томоохон нөлөө үзүүлсэн байна.
Парис-2024 олимп 32 квоттой буюу эрэгтэй 16, эмэгтэй 16 тамирчид өрсөлдөнө. Тэмцээний ихэнх квотыг 2023 онд Левенд болсон “WDSF” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд шууд оролцох эрхээ авч үлдсэн квотыг гуравдугаар сараар зургаадугаар сарын хооронд дэлхий даяар зохион байгуулагдсан олимпын эрх олгох тэмцээний шилдгийн шилдгүүд авч чадсан байна.
Тэмцээний дүрмийг бусад олон улсын тэмцээнтэй ижлээр гүйцэтгэл, онцлог байдлыг хослуулан үнэлэх юм байна. Энэ төрлийн онцолж буй тамирчид эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн гурван удаагийн аварга Канадын бүжигчин Фил Визард болон Япон улсын бүжигчин 2018 оны залуучуудын олимпын гуравдугаар байрын эзэн Шигекикс нар хамгийн их анхаарал татаж байгаа бол эмэгтэйчүүдээс 2022 оны дэлхийн аваргад түрүүлсэн АНУ-ын бүжигчин Logistx, Японы B-Girl Ami нар хайлтыг тэргүүлж байна. Мөн энэ төрөл нь 2028 оны Лос Анжелесийн олимпын төрөлд одоогоор багтаж чадаагүй байгаа ч энэ жилийн үзүүлэлт өөрчлөлт хийж магадгүй юм. Түүнчлэн Дэлхийн бүжгийн спортын холбоо 2032 оны Австралийн Брисбэн хотноо зохион байгуулагдах зуны олимпод тус төрлийг багтаахаар ажиллаж байгаа ажээ.
Олимпын наадмын санхүүгийн стратеги
"Парис-2024" зуны олимп ерөнхийдөө өмнөх наадмуудаас хямд буюу 8-10 тэрбум ам.доллар. Зохион байгуулагчид өртөг багатай зохицуулалт буюу түр байруудыг наадам зориулан ашиглаж байна. Энэ талаар наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Этьен Тобоис “Наадамтай холбоотой санхүүгийн асуудал бол мэдээж хамгийн чухал яригдах сэдвийн нэг юм. Бидний зүгээс хүн нэг бүрийн зарцуулж буй евро бүрийг илүү ашигтай утга учиртай байх ёстой гэж үзэж зохион байгуулалтын шийдлийг гаргасан.
Аль ч цаг үед ямар ч улсын хувьд мэдээж зохион байгуулалтын зардал төсөв бол хамгийн чухал мөн хамгийн том сорилт” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтэд хандан хэлсэн байна. Цар тахлын дараах "Токио-2021" долоон тэрбум ам.доллар, Рио-де-Жанейро-2016 хоёр тэрбум ам.долларын төсвийн алдагдал хүлээсэн байдаг.
Эдийн засаг бизнесийн салбарынхан олимпын наадмыг хурам хийхтэй адилтган зүйрлэдэг. Зуны олимпын наадмын зохион байгуулагчдын түүхэнд анх удаа Лос Анжелес 1984 оны зуны наадмаас ашиг олсон байдаг. Ирэх 2028 оны олимпод энэ амжилтаа дахин баталж чадвал наадмын санхүүгийн стратегид шинэ чиг хандлага бий болж болно хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа юм байна. Мөн олон улсын олимпын хороо зохион байгуулагч орон нутгийн төлөөлөлтэй хамтран төсвийн тухайд бүтцийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлж 2040 оны наадмаар үр дүн харах боломжтой гэв. "Парис-2024" дэлхийн зуны олимпод 206 улс, параолимпод 184 улсын баг тамирчид оролцох юм. Наадмын үеэр гадаадаас болон Францын бусад хотоос 15 сая хүн Парис хотыг зорино. “SiteMinder” судалгааны хүрээлэнгийн энэ сарын эхээр гаргасан тайланд Парис хотын зочид буудлын үнэ наадамтай холбоотойгоор тодорхой хэмжээнд өссөн болохыг тусгажээ. Мөн наадмын хугацаанд өрөөний дундаж үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн байна. Нийтийн тээврийн хэрэгслийн үнэ хоёр дахин Луврын музейн төлбөр 30 хувиар тус тус нэмэгджээ.
Насантуяагийн ЖАРГАЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/07/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/19
SEXSDI80955877