Д.Трамп буудуулсан нь нууц албаныхны “алдаа” байсныг хүлээн зөвшөөрчээ
2024/07/23
Дональд Трампын амь насанд халдахыг завдсан нь “Нууц албаны олон арван жилийн түүхэн дэх хамгийн том алдаа бүтэлгүйтэл” байсан гэдгийг тус албаны дарга Кимберли Читл хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ хүлээн зөвшөөрчээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигчийн аминд халдах оролдлого гарахаас урьдчилан сэргийлж чадаагүй гэх асуудлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд хийсэн сонсголын үеэр тэрбээр ийнхүү хэлсэн байна. Албан тушаалаасаа огцор гэсэн шаардлагатай тулгарч буй К.Читл Хяналт, хариуцлагын хорооны өмнө мэдүүлэг өгөх үеэрээ “бид бүтэлгүйтсэн” гэжээ.
АНУ-ын Нууц албаны даргын хувьд би аюулгүй байдалтай холбоотой аливаа алдаа дутагдлын хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн амь насанд нь халдах оролдлогын дараа Д.Трамптай утсаар ярьж түүнээс хүлцэл өчсөн тухайгаа ярьжээ.
БНН-ын зүгээс Д.Трампын хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагаанд саад учруулсан гэж Нууц албыг буруутгаж байгаа бол К.Читл үүнийг няцааж, хэрэг явдал гарахаас өмнө хамгаалалтыг чангатгасан гэж мэдүүлсэн байна.
“Ерөнхийлөгч асны хамгаалалтыг кампанит ажил эхлэхээс өмнө нэлээд чангатгасан” гэж К.Читл мэдэгджээ. “Миний та бүхэнд хэлж чадах зүйл бол долоодугаар сарын 13-нд болсон арга хэмжээний хамгаалалтыг хүссэн хэмжээгээр бүрэн хангасан” гэж тэрбээр хэллээ.
Д.Трампын аминд халдах оролдлогын тухайд
Долоодугаар сарын 13-нд Пенсильвани муж улсын Батлер хотод болсон цуглааны үеэр зэвсэгт этгээд гал нээсний улмаас цугласан олны дунд байсан нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд шархадсан бол бууны сум Д.Трампын чихийг оножээ.
20 настай Томас Мэттью Крукс Д.Трампыг үг хэлж эхэлснээс хэдхэн минутын дараа гал нээжээ. Нийт найман удаа гал нээсэн бөгөөд эхний буудалтаас хойш 26 секундийн дараа Т.Круксыг Нууц албаны мэргэн буудагч буудаж устгасан байна.
Батлер хотоос 80 км-ийн зайд орших хотод амьдардаг Т.Крукс ганцаараа зэвсэгт халдлага үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд улс төр, үзэл суртлын хүчтэй нөлөөлөлд автаагүй байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зочин · 2024/07/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh