УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

 

-Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн амь насаа алдсантай холбоотойгоор дэд хороо хуралдлаа.  Шалгалтын ажил үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.  Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэн хүн эрүү шүүлтэд өртөж, амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тэр иргэн “Би эрүү шүүлтэд өртөөд байна” гэсэн гомдлыг өмнө нь хуулийн байгууллагад гаргасан байна.  Гэсэн ч гомдлын хариу нь ямар нэгэн байдлаар шийдэгдээгүй байхад тухайн иргэн хорих ангид өвчний улмаас нас барсан. Үүнээс шалтгаалж, Монгол Улсад эрүү шүүлтийн нөхцөл байдал ямар байна.  Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг чиг үүргийн байгууллагууд ямар түвшинд, хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байна гэдгийг ярьж, хаа хаанаа үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. 

Ер нь эрүү шүүлтийн тухай гомдол санал мэдүүлсээр байтал түүнийг шалгаж дуусаагүй байхад өөр нөхцөл шалтгаанаар нас барна гэдэг нэг төрлийн гажуудал. Хуулийн байгууллагууд жирийн иргэдийн хийж байгаа гэмт хэргийг шалгаад байна.  Харин төрд байгаа, төрийн чиг үүрэг бүхий байгууллагад гарч байгаа хэрэг шалгагддаггүй, уддаг, замхардаг асуудал байна уу гэж харагдаж байна. Тэгэхээр цаашид энэ чиглэлд эрх бүхий байгууллагууд анхаарч ажиллах ёстой.

-Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо муу байгаа тухай яригдлаа. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тийм ээ. Сая болсон хэрэг дээр  гэхэд тухайн иргэн өөрөө намайг эрүүдэн шүүгээд байна гэсэн гомдол санал гаргаад гэрч, хохирогч болчихож байна.  Гэвч гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо ажилласангүй.  Уг нь  тогтолцоо нь байгаа юм.  Хөрсөн дээр буухгүй байна. Одоо цаашид энэ хэрэг гэрчгүйгээр ямар процесс үргэлжлэх юм.  Олон нийтийн дунд бол цагдаагийн байгууллага гэрчээ устгаад өөрсдөө хэргээс сугарч үлдлээ гэсэн хардлага бий болж байна.  Аливаа хуулийн асуудалд ямар нэгэн хардлага үүсэх ёсгүй.  Тэр хэрээр нийгмийн сэтгэлзүй эмгэгтэй болж, олон зүйлд муугаар нөлөөлдөг.

-Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Ингэхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Маш том хүний эрхийн зөрчил болсон.  Амь хохирогчийг гэмт хэрэгтэн мэтээр гүтгэсэн.  Олон нийтэд муухай харагдуулах гэж илт хичээсэн.  Хувь хүний эмзэг нууцыг задруулсан.  Өнөөдөр хувь хүний нууцыг задруулсан сэтгүүлч шоронд орно шүү дээ.  Гэтэл хуулийн байгууллага нь ийм том хүний эрхийн зөрчил гаргачихаад зүгээр юу ч болоогүй юм шиг өнгөрч болохгүй.  Энэ алдааг хуулийн хүрээнд засах ёстой. Аливаа хэргийг төр үйлдэж байна уу, иргэн үйлдэж байна уу хамаагүй.  Гэмт хэрэг бол гэмт хэрэг.  Гэмт хэрэг биш бол гэмт хэрэг биш байх ёстой.  Энэ бол шударга ёсны нэг үзүүлэлт шүү дээ.

-Монгол Улсад эрүү шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ. Ер нь энэ асуудалд анхаарах зүйл хэр их байна гэж дүгнэж байна вэ?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу эрүү шүүлт, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шүүгч, гэрчид нөлөөлөх зэрэг энэ төрлийн гэмт хэргийг шалгадаг тогтолцоо ерөөсөө ажиллахгүй байна.  Иргэн утас хулгайлсан бол хорьж байгаад хэргийг нь шалгаад байдаг.  Гэтэл албан тушаалтнууд хуулийн нэр барьж, хууль зөрчөөд байхад шалгахгүй байна. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг шалгах тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн хүрээнд ажиллахыг анхааруулах шаардлагатай байна.

- Хүний эрхийн зөрчил гараад л байдаг. Зөрчлийн араас гарч асууд­лыг ярихаас илүү давтагдахгүй байх дээр ямар гарц шийдэл байна вэ?

-Нэгдүгээрт, гүйцэтгэх ажиллагаа нэрийн дор хуулиас гадуур явж байгаа ажиллагаануудад хяналт тавих шаардлагатай. Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуульд гүйцэтгэх ажиллагааны заалт байдаггүй.  Тусдаа хуультай.  Тэр нь гүйцэтгэх ажиллагааны цаана ямар асуудал өрнөж байгаа нь ил тод биш, төрийн нууц, эсвэл  ажиллагааны нууц гэдэг халхавч дотор өрнөж байдаг.  Хэнд ч мэдэгдэхгүй, харагдахгүй.  Гэтэл гүйцэтгэх ажиллагааны гажуудлын үр дүнд нь эрүү шүүлтийн асуудал яригдаж байна.  Энэ чиглэлд хууль, эрх зүйн реформ хийх шаардлага бий.  Хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага байна.  Үүнийг ярихаас өөр аргагүй.  Хоорондын уялдаа холбоо байхгүй байна.  Үйл ажиллагааны нэгдсэн стандарт гэж байхгүй.  Үүнийг нь хянадаг дотоод хяналтын тогтолцоо байхгүй.  Хууль зүйн яамны дотоод хяналт хүн хүч хүрч ажиллаж чадахгүй, угаасаа боломжгүй юм билээ.  Мөн парламент дээр ч гэсэн хуулийн биелэлт, хүний эрхийн хяналтын  тогтолцоо сул байна.  Энэ чиглэлд томоохон реформ хийх ёстой гэдэг нь маш тодорхой байна.

-ХЭҮК гэсэн бие даасан том бүтэц хүний эрхийн чиглэлд хяналт тавьж ажиллаж байгаа шүү дээ?

- ХЭҮК-ийг парламентын хяналтыг бие даасан байдлаар хэрэгжүүлдэг, хүчтэй, эрх бүхий болгож өгөхгүй бол энэ комиссын бараг 10 орчим илтгэл дотор эрүү шүүлттэй холбоотой дүгнэлт, зөвлөмжүүд байна.  Бүр нэр устайгаа хохирогч нь тодорхой, үйлдсэн эзэд нь тодорхой хэргүүд байгаа.  Гэтэл тэр дагуу  ямар арга хэмжээ авагдсан, хариуцлага тооцсон уу гэдэг нь бүрхэг.  Юунаас болж хариуцлага тооцоогүй юм, асуудал нь хуульд байна уу, аливаа албан тушаалтанд байна уу гэдэг дүгнэлт байдаггүй. Тэр олон хэргийн хэдэн хувьд нь хариуцлага тоосон бэ гэдэг нь ч байхгүй.  Тэгэхээр “хэргүүдийн талаар ярьж л байдаг юм, гэхдээ” гэдэг энэ үг чинь өөрөө явсаар ийм үр дүн авчирч байгаа юм.  Цаашид хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Аливаа алдаа завхралыг толгойг нь илээд өнгөрөөдөг байж болохгүй. Тогтолцооны өөрчлөлт хийнэ, дотоод соёлын өөрчлөлт хийнэ, хүний өөрчлөлтийг ч гэсэн хийх ёстой гэдэг зүйл харагдаж байна.

-АТГ-ын дарга тэр газрын камерыг шалгах гэхээр прокурорын зөвшөөрөлтэй байх ёстой гээд очиж үзэж чадахгүй байна гэдгийг дэд хорооны хурал дээр ярилаа. Үүнийг хуулийн гажуудал гэх үү?

-Энэ асуудлаар ХЭҮК, ХЗДХЯ-ныханд дэд хорооноос үүрэг чиглэл өгсөн.  Камерын бичлэгтэй холбоотой үл ойлголцох байдал яг ямар түвшинд байна гэдэг дээр судалгаа хийнэ.  Би Хууль зүйн сайд байхдаа мөрдөн байцаалтын өрөөг стандарттай болгож, камержуулсан.  Стандартын  өрөөнөөс гадуур иргэдтэй уулзаж, мэдүүлэг авдаг байдлыг хориглосон.  Гэтэл одоо гэмт хэрэгт холбогдогч тэр өрөөнөөс өөр газар зодуулсан асуудал яригдаж байна. Цаашид стандартын өрөөний асуудлыг шалгаж тодорхой болгох ёстой. Хяналт тавьж, зөвшөөрөл өгдөг прокурорын байгууллагаас гадна гадуур уулзаж, мэдүүлэг авдаг байдлыг хориглох ёстой.  Хэрэв тэр өрөөнөөс гадна мэдүүлэг авч зодсон асуудал гарвал энэ бол гэмт хэрэг.  Үүнийг сая дэд хорооны хурлын үеэр Цагдаагийн дарга нь ч хэллээ.  Ер нь өрөөнөөс гадуур байцаадаг уулздаг гэдэг нь сая бол тодорхой яригдлаа.  Гэхдээ энэ асуудлыг бичлэг байхгүй учраас баримтгүй гэж хэлж болохгүй.  Камерын өнцөг өөрчилсөн, камер нь эвдэрсэн гэдэг шалтгаанууд хэлж болно. Гэхдээ тэр шалтгаануудаас үл шалтгаалж, энэ асуудлыг шалгаж тогтоох чадвартай байгууллага байх ёстой.  Хуулийн механизм үүний төлөө ажиллах ёстой. 

-Тусгай байгууллага байх ёстой гэж та харж байна уу?

-Тийм ээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг шалгах тусгай байгууллага байгуулах ёстой. Үүнээс өөр гарц шийдэл харагдахгүй байна.  Байгууллага хооронд хаягдаад үр дүн гарахгүй байна. Энд тэнд хувааж авчихаад АТГ, ЦЕГ, ТЕГ гээд өөр өөрийнхөө аргаар шалгахаар гэмт хэргийн илрүүлэлт байхгүй, хариуцлага тооцох механизм нь сул байна. Саяын хэрэг дээр гэхэд АТГ эхний ажиллагаагаа сайн хийсэн. Камерын бичлэг өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлаа дүгнээд ХЭҮК рүү хүртэл бичиг явуулсан. Гэтэл тэр иргэнийг цагдан хоригдсоноос нь хойш очиж уулзаагүй байна. Энэ нь юу харуулж байна гэхээр байгууллагын уялдаа холбоо байхгүй, хуулийнх нь эрэг шурга нь таараагүй байна.  АТГ хэрэг дээр ажиллаж байхад ШШГЕГ, ЦЕГ-ын хамаарал бүхий газар дотор гомдол гаргасан иргэн эрүү шүүлтэд өртсөөр л байж.   Иргэн эрхээ хамгаалуулж чадсангүй, харамсалтай.  Хүн хуулийн хүрээнд ямар ч хамгаалалтгүй байна гэдэг нь харагдаж байна.

-Зөвхөн шүүхийн зөвшөө­рөл­тэйгөөр цагдан хорих хууль маргаашаас хэрэгжиж эхэлнэ.  Хуулийн хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагууд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих, баривчлахыг хориглосон  заалт орсон.  Гэтэл наана нь шүүхийн шийдвэргүйгээр прокурорын зөвшөөрөлтэйгөөр явагддаг үйл ажиллагаанууд олон бий. Үүнд нэгдсэн дорвитой, томоохон өөрчлөлтүүд хийх шаардлага бий. Ер нь хууль засагладаг, хүний эрхийг хамгаалдаг улс орнуудад иргэний эрх рүү халдаж, хязгаарлаж байгаа бүх үйл ажиллагаа зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр явагддаг.  Прокурор зэрэг шүүхээс гадуур зөвшөөрлийн систем байхгүй.  Үүнийг засах ёстой гэсэн дохиог дахин дахин өгсөөр байна.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүсэн гэх асуудал яригдаж байна.  Энэ асуудалд та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ хэргийн шүүхийн шийдвэртэй бүрэн танилцаагүй байна. Гэхдээ шүүх хуралдааныг хойшлуулах тактикийг өмгөөлөгч нар хэрэглэх тохиолдол байдаг. Ийм тактик дээр өөрсдөө ороогдсон байхыг үгүйсгэхгүй.  Шүүх хуралд үнэхээр өмгөөлөгч нь орох гээд оролцож чадаагүй бол дүгнэлт арай өөр гарна. Одоогоор яг дүгнэх хэмжээнд мэдээлэл аваагүй байна. Гэхдээ анхаарал татах хэд хэдэн асуудал бий.  Хувь хүний эмзэг нууцтай холбоотой мэдээллийг сэтгүүлч задлахаар гэмт хэрэгтэн болдог, төрийн байгууллага нь задлахаар гэмт хэрэг биш байдаг энэ бол шударга ёсонд нийцэхгүй.  Дараагийн нэг асуудал нь иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой, бизнесийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зөв юм уу, үгүй юм уу. Үүнд гүтгэсэн, худал мэдээлэл тараасан асуудлууд багтаж байгаа. 

Гүтгэхийг Эрүүгийн хэрэгт тооцчихоор үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаад ирж байна. Энэ нь ардчилсан улсад хэр оновчтой юм.  Дараагийн нэг асуудал нь Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг зүйлээ бид хүрээ хязгаартай болгох шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин