Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулахаар болж, өчигдрөөс худалдаа эхэлсэн. Ногооны үнэ болон ургац хураалт, худалдан авалт ямар байгаа талаар сурвалжиллаа.

Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг. Тэгвэл тус дүүргийн хэд хэдэн цэгээр орлоо.

Өглөөний 10:20 минутын орчимд Тэнгэр плаза худалдааны төвийг зорилоо. Биднийг очиход худалдаа зохион байгуулах асраа бариагүй байлаа. Энэ талаар Тэнгэр худалдааны төвийн хамгаалалтаас асуухад “Жил бүр үзэсгэлэн худалдаа болдог. Ихэвчлэн Сэлэнгэ аймгийн тариаланчид ирж ногоогоо худалддаг. Өнөөдөр бол хүмүүс нь ирээгүй байна. Асар, майхнаа ч бариагүй байна. Энэ нь магадгүй цаг агаартай холбоотой байх” гэсэн юм.

Очсон цэгт худалдаа байхгүй учир дараагийн ойр худалдааг зорив. Энэ нь Жуковын хөшөөний урд талбай дахь худалдаа байлаа. Эхний өдөр болоод ч тэр үү нэг асар л баригдсан байлаа. Мөн худалдан авагч тун цөөн байв. Жуковын талбайн зүүн хэсэгт Ховд аймгийн худалдаа эрхлэгчид, харин баруун талд Зүүн хараа болон Баруун хараагийн нийт 10 гаруй худалдаа эрхлэгч худалдаа хийх ажээ. Талбайн зохион байгуулалтыг сайн хийсэн байгаа нь харагдаж байлаа.

Шинэ ургацын ногооны үнэ Жуков байршилд төмс 1500, байцай 1500, сонгино 2500, лууван 2500 нарийн ногоо 5000, помидор 8000, огурций 4000 төгрөгийн үнэтэй байлаа. 

Үзэсгэлэн худалдааны талаар тариаланч С.Нямаа “Сэлэнгэ аймгийн Баруун хараагаас дөрөв дэх жилдээ ирж оролцож байна. Өдөртөө гурван шуудай төмс зардаг. Харин өнөөдөр бороотой байгаа учир худалдан авалт муу байна. Одоогийн байдлаар нэг шуудай төмс л зарлаа” гэсэн юм. Шинэ ургацын ногооны үнэ Жуков байршилд төмс 1500, байцай 1500, сонгино 2500, лууван 2500 нарийн ногоо 5000, помидор 8000, огурций 4000 төгрөгийн үнэтэй байлаа.

Харин иргэдийн хувьд ногооны үнэ буураагүй байна гэж байв. Энэ тухай БЗД-ийн V-хорооны иргэн н.Сугар “Эхний хураалт учир ногооны үнэ буугаагүй байх шиг байна. Ургац хураалт сайжраад худалдаа ихсэхээр ногооны үнэ сайн буурдаг. Мөн төрөл зүйл багатай байна. Нэг үеэ бодвол иргэд нарийн ногоо их хэрэглэдэг болоод байна шүү дээ” гэсэн юм.   

Иргэдийн хувьд ногооны үзэсгэлэн худалдааг хүлээдэг. Тэгвэл эхнийн өдөр зохион байгуулалт болон худалдаачид цөөн байгаад сэтгэл дундуур байсан юм. Тиймээс бид дараагийн цэгийг зорихоор болж Сансрын үйлчилгээний төвийн гадна талбайд дэлгэгдсэн үзэсгэлэн худалдаан дээр ирлээ. Энд бас л нэг худалдаа эрхлэгч ирсэн байлаа. Тэрээр худалдан авалт жил ирэх тусам багасаж байгааг хэлж байлаа. Энэ тухай тариаланч А.Дулмаа “Би аравдахь жилдээ Төв аймгийн Батсүмбэр сумаас үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Өглөө 08:00-14:00 цаг хүртэл 200 мянган төгрөгийн орлоготой байна. Жил ирэх тусам хүмүүсийн худалдан авалт багасаж байна. Учир нь цахим орчинд хүмүүс хямд үнэтэйгээр худалдан борлуулдагтай холбоотой байх. Энэ жил ногооны үнээ өмнөх жилийнхээс 500 төгрөгөөр нэмсэн. Дэлхий дээрх хамгийн хямд үр Хятад үр байдаг. Харин манайх үнэтэй ч гэсэн шим тэжээл, чанарт нь анхаарч Голланд, Япон, Солонгос үрээр ногоогоо тарьдаг. Ногоо тарихад маш их зардал гардаг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Нэг га талбайгаас их талбайд ногоо тарьж байгаа тариаланчид хамгийн багаар бодоход 30 сая төгрөг зарцуулдаг. Гуравдугаар сараас арван сар хүртэл тариаланчид шөнөдөө гурван цаг л унтдаг. Ногоо тарих ажил ганц хүний хөдөлмөр биш. Манайх 18 ажилчинтай. Бидэнд чөлөөт цаг, амралт гэж байдаггүй шүү дээ. Тэгж хөдөлмөрлөж байж л эрүүл ногоо бий болдог. Худалдаа хийх зөвшөөрөлтэй эрүүл ногоо тарьж байгаа тариаланчдын хажуугаар гарал үүслийн бичиггүй Хятад жимс, ногоо зарж байгаа хүмүүс их болжээ. Уудам газар нутагтай учраас Монголчууд өөрсдөө ногоогоо тарьж, худалдаалбал эдийн засаг сайжрана шүү дээ” гэсэн юм. 

Мөн А.Дулмаа “Шимт хөрс” гэр бүлийн цех байгуулжээ. Тус үйлдвэр нь тарьсан монгол ногоогоороо бүх төрлийн даршилсан ногоо үйлдвэрлэдэг байна. Ногоогоо ууранд жигнэж хагас болгоод савладаг тухайгаа бидэнд хэллээ.

Сансар худалдааны төвийн үзэсгэлэн худалдаан дээр төмс 2500, сонгино 4000, байцай 1500, лууван 2500, огурцы 4000, помидор 9000, нарийн ногоо 4500-6000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Тариаланчид ногоогоо хамгийн бага үнээр борлуулдаг учир иргэд үзэсгэлэн худалдаанаас худалдан авалт хийх дуртай байдаг гэнэ. Энэ талаар иргэн н.Маргад “Дэлгүүрүүд ашгаа нэмж зардаг бол үзэсгэлэн худалдааны ногоонууд хямд төдийгүй шинэ, шороогүй цэвэрхэн байдаг. Тиймээс жил бүр үзэсгэлэн худалдааг хүлээдэг. Эхний өдөр гэхэд тариаланчид цөөн байна. Сонголт муу байна. Би төмс, лууван, байцай тус тус хоёр кг худалдаж авлаа” гэв.

Худалдаа эрхлэгч, тариаланчид дүүрэг дүүрэгт хуваарилагдсаныхаа дагуу асраа барьж, худалдаагаа хийх аж. Харин энэ жил үзэсгэлэн худалдаа зохион байгуулалт сайтай байхаар харагдаж байгаа юм. Үнийн хувьд гадуур зарагдаж буй хятад ногоотой ижил үнэтэй байна.

 

Л.ОТГОНДҮҮ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин