Парисын Олимпын тоглолтын боксын тэмцээний үеэр эрэгтэй хромосом нь давамгайлсан Алжирын тамирчин Италийн боксныг ялсан тухайд Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич хэлэхдээ “энэ хорвоо ертөнц галзуурал солиоролд автжээ” гэсэн байна. Өчигдөр болсон 66 кг-ийн жингийн 1/8 финалын тоглолтод Италийн боксчин Анжела Карини Алжирын тамирчин Иман Хелиф-тэй 46 секунд тулалдсаныхаа дараа шууд бууж өгчээ.

Өмнө нь Хелиф 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хүйсийн сорил өгөх үед түүний биед XY-хромосом илэрч, тестостерон дааврын түвшин өндөр байсан тул тэмцээнд оролцуулаагүй аж. Харин түүнийг Парисын Олимпод оролцуулахыг ОУОХ зөвшөөрсөн байна. “

Эрчүүд нь орж ирээд эмэгтэйчүүдээ зодчихоод медаль зүүж байна гээд төсөөлөөд үз дээ, ийм л солиоролд дэлхий автчихжээ, бүгдээрээ солиорчихсон бололтой” хэмээн Вучич пүрэв гарагт хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө хэлжээ. Мөн хэдэн хоногийн өмнө Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони мэдэгдэхдээ, генийн хувьд эрэгтэй өгөгдөлтэй тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулах ёсгүй гэсэн байна.

Сербийн Ерөнхийлөгч А.Вучич 7 дугаар сарын 27-ны өдөр Парис хотноо тус улсыг сурталчлах зорилгоор байгуулсан “Сербиа хаус” төвд зочилжээ.   

 

Б.Адьяахүү

монцамэ.мн