Олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй туузан хорхойтой холбоотой асуудалд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр Хангарди ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүхбаатарын талбайн дэргэдэх "Central Tower"-ын барилгын арын туслах болон ойр орчмын зам талбайд туузан хорхой шимэгч байна гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-нд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. 

Цахим мэдээллийн орчинд оруулсан бичлэгт гарч байгаа нутаг дэвсгэрийг Улаанбаатар хот гэж тогтоох боломжгүй байсан. Мэдээлэл тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол байгаагүй. Зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй. 

Мөн үүнтэй ижил утга бүхий мэдээлэл төрийн байгууллагад ирээгүй. "Central Tower" орчмын барилгын харуулын ээлжийн даргад холбогдох мэдээллийг танилцуулахад энэ төрлийн гомдол ирээгүй гэсэн. 

Өөрөөр хэлбэл мэдээлэл гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтаар тухайн мэдээлэл нотлогдоогүй. Энэ мэдээлэлтэй ойролцоо зүйл өнгөрсөн жил олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан. Үүнтэй холбогдуулан шалгалт хийхэд тухайн мэдээлэл батлагдаагүй. 

Олон нийтийг түгшээсэн мэдээлэл түгээхгүй байхыг та бүхнээс хүсэж байна. Хэрэв эрүүл ахуйн холбогдолтой асуудал үүссэнийг тогтоовол нотлох баримт, тодорхой байршилтайгаар төрийн байгууллагад гомдол гаргавал хариу арга хэмжээ авдаг" гэв.