Сүүлийн сар орчим хугацаанд үүссэн тогтворгүй байдлын үр дүнд Даваа гарагт Бангладешийн ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч, эх орноосоо дүрвэсэн байна.

170 сая хүн амтай Өмнөд Азийн энэ улсыг 76 настай ерөнхий сайд Шейх Хасина 2009 оноос хойш хатуу гараар удирдаж байсан юм.

Төрийн албанд тогтоосон квотыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл долдугаар сарын эхээр анх эхэлж байв.

1971 онд тус улсыг Пакистанаас тусгаар тогтнуулах дайнд оролцсон ахмад дайчдын үр садад төрийн албаны ажлын байрны гуравны нэгийг хуваарилах шийдвэрийг түүний засгийн газар гаргаж байжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Бангладешийн дээд шүүх уг квотыг цуцалж, ердөө 5 хувийг ахмад дайчдын төрөл төрөгсдөд хуваарилах шийдвэр гаргасан байна.

Гэвч иргэдийн бухимдлыг дарахад энэ шийдвэр хангалттай байсангүй. Тэд тэмцлээ үргэлжлүүлж, ерөнхий сайдыг огцрохыг шаардаж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд тэмцэгчид болон цагдаагийн хүчний хооронд гарсан мөргөлдөөний улмаас 300 орчим хүн амиа алдсан юм. Зөвхөн өнгөрсөн Ням гарагт 90 хүн алагдсаны 13 нь цагдаагийн алба хаагч байв.

Энэ нь Бангладешийн орчин үеийн түүхэнд хамгийн олон хүн улс төрийн тэмцлийн улмаас амиа алдсан өдөр болсон юм.

Хасинагийн огцрох, дүрвэх шийдвэрт Бангладешийн цэрэг армийнхны шахалт нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Улс орноо өмнө нь цэргийн дэглэмээр захирч байсан арми одоо ч Бангладешийн нийгэмд нэр хүндтэй, улс төрд нөлөөтэй байдаг.

Ерөнхий сайд Хасина өөрийн өмөг түшиг болсоор ирсэн Энэтхэг улс руу дүрвэсэн байна.

зураг

 

Шейх Хасина, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар

Бангладештай хил залгаа Энэтхэгийн далайд гарцгүй долоон мужид ачаа бараа тээвэрлэн хүргэх транзит эрхийг Делигийн эрх баригчдад Хасина өгч байжээ.

Тэр бас Бангладешийн нутаг дэвсгэрт орогнодог Энэтхэгийн эсрэг зэвсэгт бүлэглэлүүдийг нухчин дарж байв.

Харин сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн эрх баригчид нэр хүндгүй болсон холбоотноо дэмжвэл Бангладешийн олон нийтийг өөрийн эсрэг болгох эрсдэлтэй тулгараад байлаа.

Хасинагийн огцролт энэ эрсдэлийг арилгаж байна.

Бангладеш улсыг үүсгэн байгуулсан ерөнхийлөгчийн охин Шейх Хасина дэлхийн хамгийн урт удаан ажилласан эмэгтэй засгийн газрын тэргүүнд тооцогддог юм.

Түүний эцэг болон гэр бүлийнхэн нь 1975 оны цэргийн эргэлтийн үеэр алагдсан байна. Тухайн үед гадаадад байсан Хасина дүү охины хамт амьд үлдсэн юм.

Энэтхэгээс 1981 онд эх орондоо буцаж ирсэн Хасина ардчилсан

хөдөлгөөнийг удирдаж, Бангладешийн үндэсний баатар болж байв.

1996 онд анх удаа сонгуульд ялсан Хасина 2001 онд өрсөлдөгчдөө ялагдаж, 2009 онд дахин төрийн эрхийг авч байжээ.

Түүний засаглалын жилүүдэд сөрөг хүчний дуу хоолой дарагдаж, өөрийг нь шүүмжлэгчид сураггүй алга болох, алагдах үзэгдэл гардаг болсон юм.

Нэг үгээр хэлбэл Бангладеш улсад Хасинагийн дарангуйлал тогтоод байв.

Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Хасина иргэдийн бослого тэмцлийг хүчээр нухчин дарахыг оролдож, нэг удаа бүр тэднийг “террористууд” гэж нэрлэж байлаа.

Гэвч иргэдийг буу зэвсэг зогсоох боломжгүй нь нэгэнт тодорхой болсон тул тэр 15 жил үргэлжилсэн  дарангуйлалдаа цэг тавихаас өөр сонголтгүй болжээ.

 

Эх сурвалж: BBC