Хамтарсан Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ батлаад байгаа билээ.  Мөн Засгийн газар дэд сайдгүй байхаар шийдвэрлээд байна.

Дэд сайдгүй ажиллах болсноор сайд нарын орон тооны зөвлөхүүд яамдад нэлээд үүрэг оролцоотой байх нь. Одоогоор томилогдоод байгаа сайд нарын зөвлөх болон ажлын албаны дарга нарын мэдээллийг хүргэе.

 

Хамтарсан Засгийн газарт АН-аас найман сайд орж ажиллаж буй. Түүний нэг нь Ж.Батсуурь. Тэрээр АН-ын жагсаалтад багтаж, УИХ-д дахин сонгогдож, улмаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдоод байна. Ж.Батсуурь орон тооны зөвлөхөөрөө АН-ын дэд даргын албан тушаалтай Т.Пүрэвхатаныг томилжээ. Т.Пүрэвхатаны хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон билээ. Инженер, хуульч мэргэжилтэй түүнийг сайд Ж.Батсуурь барилга геодези зураг зүйн чиглэлээр ажиллаж байсан тул энэ салбарыг гадарлана гэж мэдэгджээ.

 

Реппер Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Гантулгыг томилсон. Залуучуудын асуудал хариуцаж ажиллана" хэмээн мэдэгдсэн юм. Б.Гантулгаас залуучуудын асуудалд дээр хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах талаар тодруулахад ажлын төлөвлөгөө гаргаад эргэн хариу өгөх талаараа мэдэгдсэн юм. Тэрээр сонгуулийн үеэр Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлж олон нийтийн шүүмжлэлийн бай болж байлаа.

 

Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр Д.Гантулга томилогдов. Боловсролын сайд П.Наранбаяр нь 2020 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д Д.Гантулгын хамт сонгогдож, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-д тохой нийлүүлэн суусан. Д.Гантулга нь олон улсын зэрэгтэй актуарч, бизнесийн үнэлгээчин бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн гол мэргэжилтэнүүдийн нэг. Тэрээр НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн юм. Үүрэгт ажилдаа орсноор идэвхитэй ажиллаж байгаа сайд нарын нэг нь П.Наранбаяр. Тус яамнаас хамгийн сүүлд сурагчдын хувсанд поло загварыг цамц оруулах мөн бага ангийн сурагчдыг харандаагаар бичдэг болохыг уриалаад байна.

 

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сайд Ажлын албаныхаа даргаар 2012-2016 онд нийслэл Улаанбаатар хотод “Гудамж төсөл”-ийн захирал гэдгээр олон нийтэд танил доктор Б.Батболдыг Ажлын албаны даргаараа томилсон байна.

 

Б.Батболд нь архитектор, хот төлөвлөгч бөгөөд 2001 онд Японы Хоккайдогийн Их сургуульд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байдаг. Өнгөрөгч хугацаанд тэрээр Америкийн архитектурын “Кристиан Бергум”, Японы тэргүүлэх “Никкейн сэккэй” компани, мөн “Пассифик консалтинг”, “Альмек” зэрэг компаниуд, Азийн хөгжлийн банкны дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх, багийн ахлагчаар тус тус ажиллаж байжээ.

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зөвлөхөөрөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан Л.Төмөрбаатарыг томилжээ. Тэрээр өмнө нь Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд байхад дээрх албан тушаалыг хашиж байв. Мөн сайдын суудлаа өгөхөд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан юм. Л.Төмөрбаатар нь мөн Халдварт өвчин судлалын Үндэсний төвийг удирдаж байсан билээ.

 

АН-ын гишүүн Ц.Жадамбаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн орон тооны зөвлөх болжээ. Тэрээр хуульч, мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. “Шинэ Сэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай байна. 2024 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ.

 

 

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин