Парисын олимпийг зэрвэсхэн харахуй

 Парисын Олимп дуусч байна. Олимпийг ТВ-ээр зэрвэсхэн харлаа. Монгол хүний хувьд олимпод оролцсон Монголынхоо тамирчдынхаа талаар загас шиг дуугүй өнгөрмөөргүй байна. Хэлэх үг байна. Хийх ажил их байна. Дэлхийд өнөөдөр спорт өндөр хөгжжээ. Парисын олимпод дэлхийн 206 орны 10714 тамирчин 32 спортын төрлийн 329 багц медалийн төлөө эр зориг, хүч чадвараа дайчлан өрсөлдлөө. Парисын олимпод түрүү магнайд АНУ 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль, нийт 126 медаль, үзүүрт БНХАУ 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль нийт 91 медаль, гуравт, Япон улс 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл, нийт 45 медаль хүртжээ. Монгол Улс ганц мөнгөн медаль хүртэж 74 дүгээр байрт жагссан нь өмнөх олимпуудаас амжилт нь дөч, тавин байраар ухарсан муу дүнтэй байна. Энэ олимпод нийт 84 орон медаль авснаас Монгол улс сүүлээсээ 10 дугаарт байрт жагссан. Монгол Улс зуны олимпод 1980 онд дэлхийд 22 дугаар байрт орж байсан амжилт гаргаж байсан юм шүү.

 

Парисын энэхүү олимпод хуучин социалист орнуудаас Узбекистан улс 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авч 13 дугаар байрт орсон амжилт гаргажээ. Киргиз улс гэхэд л энэ олимпод 2 мөнгө, 4 хүрэл медаль авсан амжилттай байна. Бид дэлхийд их спортоор их л хоцрогдож байна даа.   

 

Парисын олимпод Монголын тамирчид, дасгалжуулагчид, спортын албад хэрхэн оролцож байгааг харахад санаанд ер хүрэхгүй харамсах юм. Олимпийн хороо, чөлөөт бөх, боксын холбоод бүр уналтын байдалд оржээ. Парисын олимпод Өмнөд Солонгос улс гэхэд 20 эмчтэй, 15 тогоочтой, 15 сэтгэл зүйчтэй явж байхад Монголын 32 тамирчид нэг ч эмчгүй, нэг ч сэтгэл зүйчгүй, нэг ч тогоочгүй Парист очжээ. Монголын 32 тамирчинд ногдох олон улсын олимпийн хорооноос ирүүлсэн 16 мандатыг Монголын олимпийн хороооны дарга олимпод явах шаардлагатай мэргэжлийн сэтгэл зүйч, мэргэжлийн эмч, бариа засалч, мэргэжлийн тогооч нарт огт өгсөнгүй, харин өөрийн хамсаатнууд болон дарга нарт өгч Монголыг хохироожээ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байлаа. Мөн Монголоос улсын зардлаар Парисын олимпод голдуу дарга нар, тэдний эхнэр хүүхэд 68 хүн явжээ хэмээн хэвлэлээр гарч байлаа. Парисын олимпод явах ёстой сэтгэл зүйч, эмч, бариа засалч, хоол зүйчийг "квот байхгүй" гээд хасчихаад оронд нь огт өөр мэргэжлийн дарга, даамлууд болон тэдний эхнэр хүүхдүүд явсан гэнэ, 260 км замыг туулж байсан Монголын ганц дугуйчин тамирчиндаа ганц сав ус дөхүүлж өгсөнгүй гэнэ гэсэн мэдээлэл гарчээ. Монголын тамирчид ямар хоол идэх, хоолноос ямар эрдэс витамин авахаа ч мэдэхгүй, зөвхөн бэлэн гоймон, монгол лапша, хар цай төдийхөн юм идэж уудаг гэнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байлаа. Монголын тамирчинд уламжлалт борцтой монгол хоол, шар тос, цагаан идээ өгсөн бол хүч чадал нь улам нэмэгдэх байсан даа.  

 

Саяхан хэвлэл мэдээллээр Монголын олимпийн зардалд 2023, 2024 онд 260 тэрбум төгрөг төсөвлөж зарцуулсан гэж байх юм. Тэр их мөнгөний үр дүн гарсангүй, энэ их мөнгө хаашаа алга болчихсон юм бол доо.

 

Ийм арчаагүй, арын хаалга, авилгал, хариуцлагагүй, шударга бус байдалд автсан Монголын их спорт яаж амжилт гаргах юм бэ. Эрэгтэй жудо, эрэгтэй чөлөөт бөх, эрэгтэй бокс, эмэгтэй буудлага, байт харваа бүгд нурж дуусчээ. Ганц зүйлд л найдах юм. Ердөө эмэгтэй жудо, эмэгтэй чөлөөт бөх, эмэгтэй боксд л найдах юм. Монголчуудаар чөлөөт бөх, жудо заалгаж байсан, оросуудаар бокс заалгаж байсан Куба улсыг одоо хар. Куба улс өнөөдөр спортын олон төрлөөр олимпод амжилт гаргаж медаль авч байна. Кубын сонгодог чөлөөт бөхийн тамирчин Лопес олимпод 5 дахь удаагаа алтан медаль авч байна. Бөхөөр өнөөдөр шинээр гарч ирсэн Энэтхэг, Хятад, Экводар, Киргиз улс олимпод медаль авч байна. Гадаадын нэг хүн олимпоос ямар их медаль авч байна вэ. АНУ-ын усан сэлэлтийн аварга тамирчин нэг хүн олимпоос нийтдээ 24 алтан медаль авчээ. Гэтэл Монгол Улс олимпод авах медаль нь улам цөөрөөд бараг тэг болоод байна. Олимпоос авдаг медаль нь ганц хоёроос хэтрэхгүй байна. Монголын эрэгтэй чөлөөт бөхчүүд олимпод амжилт гаргах ямар ч боломжгүй болж дэлхийн дэвжээнээс шахагджээ. Амжилтгүй оролцож байна гээд бид зөвхөн тамирчдад бурууг тохож болохгүй. Тамирчдыг зохион байгуулдаг албан байгууллага, спортын холбоод, олимпийн хороо, дасгалжуулагч нарт их дутагдал, их зөрчил, их хоцрогдол байна. Хөвсгөлийн баатарлаг охин Бавуудоржийн Баасанхүү энэ олимпод мөнгөн медаль аваагүй бол Монголчууд энэ олимпоос хоосон буцах байлаа. Б.Баасанхүү Монголын нэр хүндийг аварлаа. Түүний олимпийн барилдаан бол үлгэр домог шиг л байлаа. Монголчууд байт харваа, дугуй, усан сэлэлт, буудлага медальд хүрсэнгүй. Дэлхийд байт харваагаар солонгос бүсгүйчүүд тэргүүлдэг аж. Монгол бүсүйчүүд байт харваагаар ядаж азидаа эхний тавд ордог ч болоосой. Хүндийг өргөлтийн Анхцэцэг бэртлийн улмаас тэмцээнээ цааш үргэлжлүүлсэнгүй. Чөлөөт бөхийн найдварууд ямар ч найдваргүй болжээ.

 

Парисын олимпын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шилдэг наймын барилдаанд манай монголын Д.Отгонжаргал дэлхийн хошой аварга, олимпийн хошой мөнгөн медальт, олимпийн хошой хүрэл медальт, европын 10 удаагийн аварга, 36 настай, украин гаралтай азербайжаны алдарт бөх Мария Стаднюкийг 4:3-ын харьцаатай ялсан юм. Тэр Стаднюк бол булчин шөрмөс нь зангирсан, эрчүүдээс дутахгүй хүч чадалтай, туршлагатай, мэхтэй, ёстой аймаар амьтан байсан.

 

Отгонжаргал үнэхээр зоригтой шийдэмгий сайн барилдаж түүнийг яллаа. Монголын Д.Отгонжаргал бол дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай, 23 настай, дэлхийн хэмжээний бөх л дөө. Гэвч Отгонжаргал шилдэг дөрвийн барилдаанд АНУ-ын бөх Сарад ялагдаж дараа нь хүрлийн төлөө хятадын бөхтэй барилдаж ялагдаад 5-р байранд оржээ. Чөлөөтийн дэлхийн аварга П.Орхон хүрэл медалийн төлөө киргизийн Айсулуг 6:0 ялж яваад сүүлийн 20 секундэд ямар ч хамгаалалтгүй босоо зогсож хөлдөө оруулж ялагджээ. Энэ ялагдлалаас болж хүрэл медаль авах байсан Орхон 5-р байрт оржээ. Энэ ялагдал бол цэвэр өөрийнх нь буруу. Би ялчихлаа гэж бодоод сүүлийн 20 секундэд ямар ч анхаарал байхгүй сатаарч босоо байдалд зогссоноос болж хөлдөө оруулж ийм байдалд хүрэв. Монголын бөх Лхагвагэрэл, Даваанасан нар ялагдав. Чөлөөтийн эмэгтэй бөх Хулан хятадын эмэгтэй бөх Пангд ялагдав. Монголын чөлөөт бөхийн хамгийн сүүлчийн найдвар Т.Тулга Коста Рикийн бөх Ривертэй хүрэл медалийн төлөө барилдаж 8:7 оор ялж яваад сүүлчийн хоромд оноо алдаж 10:8 аар ялагдлаа.Т.Тулга бол дэлхийд амжилт гаргах боломжтой сайн бөх юм байна. Монголын бөх Орхон, Отгонжаргал, Тулга, Лхагвагэрэл нар сайн барилдсан боловч төгсгөлөө сайн хийж чадсангүй, сүүлийн хоромд оноо алдаж ялагдлаа. Монголд японы Абе, Акари, францын Тэдди Риньер, кубын Лопес, Иран, Гүржийн бөхчүүд шиг босоо бөхчүүд алга. Францын 37 настай жудоч Тэдди Риньер олимпийн 4 удаагийн аварга болж байх юм. Кубын сонгодог чөлөөт бөхийн тамирчин Михейн Лопес 42 настайдаа олимпийн 5 удаагийн аварга болж байх юм. Францын усанд сэлэгч тамирчин Леон Маршан олимпийн 4 алт, нэг хүрэл медаль хүртсэн байх юм. Гайхалтай. Хятадын тамирчдыг хар. Хятадууд гимнастик, буудлага, ширээний теннис зэрэг олон төрөлд өрсөлдөгч нь давуу илүү оноотой байсан ч гүйцэж түрүүлээд төвөггүй ялдаг сэтгэл зүйн асар их тэвчээр нь энэ олимпод харагдаж байна лээ. Тэд ямар их сэтгэл зүйн тэвчээр, зориг, тактик, зохион байгуулалттай байна вэ. Хятадын тамирчид спортын бүх төрөлд алтан медаль авч байгаа байдал үнэхээр гайхал бахархал төрүүлж байна. Харин бидний байдал харамсал төрүүлж байна. Монголоос маш олон гавьяатууд олимпод очжээ. Гэвч гавьяатууд гавьсангүй. Бүгд ялагдав. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг Эквадороос дор болжээ. Эрчүүдийг ярих ч юм биш. Олимпт барилдаж байгаа Монгол бөхчүүдийг харахад мэх дутмаг, шийдэмгий дайчин байдал, тэсрэлт хангалтгүй байна. Гадаадын бөхчүүд хөлд орох, давхар хамах, нэг мэхнээс нөгөөд шилжих мэхнүүдийг чадварлаг хийж байна. Манайхан байдаггүй. Ядахдаа хөлд орж сураач. Хөлд орох, давхар хамах, өмсөх суйлах гээд өчнөөн мэх байдаг даа. Гэтэл мэх хийхгүй зууралдаад л байх юм. Оноогоор илүү явсан Монголын бөх сүүлчийн минутад дандаа эсрэг бөхдөө ялагдах юм. Үнэхээр харамсмаар. Сүүлчийн минутад илүү оноогоо хэдхэн хором хамгаалаад тэсэж болдоггүй юм байхдаа.

 

Олимпийн дараа манайхан ялагдсан бөхчүүдээ их л өмөөрч байна. Гэмтэл бэртэлтэй байсан л гэнэ, бөхийн холбоо буруутай л гэнэ. Бусдыг л буруутгах юм. Бөхчүүдийн өөрсдийнх нь хариуцлагагүй, санаачлагагүй, шийдмэг бус байдал, сэтгэл зүйн бэлтгэлгүй байдлаас болж ялагдсан явдлыг "медалийн оосроос бариад алдчихлаа" хэмээн хаацайлах аж.

 

Монголын тамирчид сэтгэл зүйн ямар ч бэлтгэлгүй байсан гэдэг нь олон юман дээр харагддаг. Тэр жил 2016 оны Риогийн олимпод монголын чөлөөт бөхийн тамирчин Т.Мандахнаран олимпийн тэмцээнд хүрэл медалийн төлөө Узбекийн бөхтэй барилдаж 6:5 онооны давуугаар ялж байгаад барилдаан дуусахад 3 сек дутуу байхад би яллаа хэмээн хөөрч үсэрч дэвхрээд, өрсөлдөгч бөхтэйгээ барилдахгүй дэвжээ тойрч зугтатаж байгаад торгуулаад ялагдаж байсан юм. Яг л ийм явдал сая Орхонд тохиолоо. Отгонжаргал бэртэлтэй байсан л гэнэ, хүндийн өргөлтийн Анхцэцэг бэртэлтэй байсан л гэнэ, Орхон допинг хэрэглэсэн хэмээн гүтгүүлсэн л гэнэ. Бүгд бэртчихсэн юм уу хаашаа юм. Олимпод эмч, бариа засалч, сэтгэл зүйч, хоол зүйч авч яваагүй л гэх юм. Дандаа л нэг бүтэлгүй юм дуулдах юм. Монголын эрэгтэй бөхчүүд чөлөөт бөхөөр дэлхийн дэвжээнээс шахагдаж, ямар ч найдваргүй болжээ. Монгол Улс дэлхийд бөхийн орон гэгддэг байсан. Гэхдээ жинхэнэ бөхийн орон бол Иран юм. Ираны бөхчүүд бөхийн бүх төрлөөр Олимпт үзүүр түрүүнд шалгарч алт, мөнгө, хүрэл медалиас салдаггүй юм. Турк, Азербайжан, Гүрж ч ялгаагүй бөхийн орон. Узбекистан, Казахстан Киргизстан ч бөхийн орон шүү. Энэ олимпод Узбекистан тун амжилттай оролцлоо.

 

Узбекистаны жудоч бүсгүй Диера Келдиерова Парисын олимпод алтан медаль авлаа. Диера японы алдарт жудоч Абег ялаад дэвхэрч цовхорч баярлаагүй, даруухан ёслоод дэвжээнээс бууж байсан. Харин японы жудоч Абе түүнд ялагдаад танхим дүүрэн маш чангаар хашгиран цурхирч уйлж байсан. Монголын нэг жудоч эмэгтэй ялагдаад дасгалжуулагчаа бараг түлхээд уурлаж байсан. Ийм байж болохгүй л дээ. Харин Диера Парисын Олимпийн аварга болоод дэвхэрч цовхорсонгүй, даруухан инээмсэглээд аваргын тавцан дээр гараа даллаж баярын нулимс дуслуулан зогсож байсан. Тамирчин хүн ийм л тэвчээртэй, даруухан, сэтгэл зүйн бат бэх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Саяхан Диера олимпийн аварга болоод дараах мэдэгдэл хийжээ. "Өнөөдөр миний инстаграм хуудаснаа миний өрсөлдөгч, японы жудоч Абэ Утагийн профайл дээр узбекчууд түүнийг доромжилсон сэтгэгдэл их бичиж байна гэсэн мэдээлэл ирлээ. Би бүх шүтэн бишрэгчиддээ хэлэхэд хэн ч байсан бүх хүнд ижилхэн гүн хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдэж байна. Энэ бол спорт, энэ бол биднийг нэгтгэдэг хүч юм. Бид жүдогийн гэр бүл. Жүдогийн спортын хүмүүст сургадаг хамгийн чухал зүйл бол харилцан хүндэтгэл юм." гэжээ. Диера Монголд ирж байжээ. Азийн аварга болсон байна. Диера Ташкент хотын их сургуулийн биеийн тамирын анги төгсчээ.2022 онд нөхөрт гарчээ. Даруу ухаалаг зан хүнийг чимэглэдэг гэдэг дээ. Монголын тамирчид минь, Узбекийн энэ даруухан ухаалаг олимпийн аварга тамирчнаас суралцах юм их байна шүү. 

 

Азийн Япон, Солонгос, Узбекистан дээр одоо Хятад нэмэгдээд бөхийн орон азид нэмэгдэж байна. Харин Монгол улс бөхийн орон байхаа бараг больжээ. Энэ бол эмгэнэл.

 

Монголын бокс бүхэлдээ нуран унажээ. Зуны олимпод монголын бокчин Э.Бадар-Ууган алтан медаль, П.Сэрдамба мөнгөн медаль, Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай, Н.Нямтөгс нар хүрэл медаль авч монголынхоо нэрийг дэлхийд мандуулж явсан цаг бий шүү. Гэтэл эдүгээ монголын эрэгтэй боксчин олимпийн эрхээ ч авч чадахаа больжээ. Эмэгтэй боксын цөөхөн тамирчин энэ олимпод өрсөлдсөн боловч бүгд ялагдав. Гэтэл Куба, Узбекистаны бокчид энэ олимпод олон медаль авчээ. Монгол улс гадаадаас сайн боксчин авч олимпод орж болно шүү дээ. Азербайджан улс хүртэл Кубаас Альфонсо гэдэг сайн боксчин аваад хоёр олимп дараалан хүрэл, мөнгөн медаль авчихаад байна. Монголын спортын байгууллага олимпод оролцох тамирчдын дасгалжуулагчаа ч зөв сонгож чадахгүй юм даа. Орчин үеийн дасгалжуулагч гэж дэвжээний захад зогсоод тамирчнаа алчуураар сэвээд хааяа нэг дэвжээнд барилдаж байгаа бөхдөө “Тийм мэх хий, ийм мэх хий” хэмээн хашгираад зогсож байдаг хүн биш юм. Орчин үеийн дасгалжуулагч гэж англи хэл, компьютерийн мэдлэгтэй, сэтгэл зүйн мэдлэгтэй, анализ дүн шинжилгээ хийх чадвартай судлаач менежер хүнийг хэлдэг юм. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагчаар эдүгээ 76 настай Ойдов гуай ч харагдаж байх шиг. Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдов бол Монголын амьд домог болсон тамирчин юм. Домог болсон хүнийг домог чигээр нь үлдээгээч. Гадаадад олимпийн болон дэлхийн аварга болсон тамирчидаа гуч, дөчин нас хүрээд зодог тайлахад нь алдар нэр, туршлага, мэдлэгийг нь харгалзаад шууд шигшээ багийн дасгалжуулагчаар томилдог. Манай алдартай тамирчид зодог тайлаад алга болчихдог. Улс тэднийгээ цаашид спортын багш, дасгалжуулагчаар ажиллуулах талаар ямар ч анхаарал тавьдаггүй. Буудлагын спортоор олимпод гаргаж байсан амжилтаа Монголчууд дахин ер гаргаж чадсангүй.

 

Харин энэ олимпийн 10 метрийн гар бууны төрөлд монголын тамирчин Э.Даваахүү шилдэг наймд шалгарсан нь багагүй амжилт юм. Энэхүү буудлагын тэмцээнд Хятадын тамирчин Ши маш сайн буудаж финалд Италийн 2 тамирчныг ялж алтан медаль хүртлээ. Жудод түрүүлсэн японы тамирчин Цунода, буудлагын төрөлд алтан медаль авсан хятадын Ши нарыг харахад маш их сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа нь ялалтын гол нөхцөл болж байлаа.  

 

Буудлагын спортоор Д.Мөнхбаяр олимпоос 2 удаа хүрэл медаль, Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль авч байлаа. Буудлагын дасгалжуулагчаар олимпийн медальт Д.Мөнхбаярыг томилоогүйгээс болж Монголын буудлагын спорт унажээ. Монгол улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр бол олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга тамирчин юм. Эдүгээ Д.Мөнхбаярын дасгалжуулсан Энэтхэгийн буудлагын эмэгтэй тамирчид саяхан Парисын олимпоос хүрэл медаль авчээ. Д.Мөнхбаяр 2002 онд Германий иргэншилтэй болж Германд өндөр амжилт гаргаж байлаа. Д.Мөнхбаяр 2013 онд Монголын иргэн болох хүсэлт тавьсан боловч түтгэлзсэн хариулт өгчээ. Монголын төр алдарт тамирчнаа хүртэл ад үзэх юм даа. Даанч яав даа. Иймэрхүү буруу бодлогоосоо болж Монголын спорт унажээ. Монгол эрчүүд минь бөх, боксоор амжилт гаргаж барахгүй бол олимпийн брейк бүжгийн төрлөөр үзэлцвэл яасан юм бэ. Монгол улс олимпод амжилттай оролцсон түүх буй. Монголын баг тамирчид зуны Олимпын наадмаас нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль авсан түүхтэй. Монголчууд 1964 оноос эхлэн жаран жилийн турш тасралтгүй дэлхийн зуны олимпод орсон орон шүү. Монголчууд чөлөөт бөх, жудо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөлөөр олимпийн медаль авдаг байсан. 2008 оны Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх олимпийн анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба олимпийн мөнгөн медаль хүртэж гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.

 

2020оны Токиогийн олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцож 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан.  Харин Парисийн олимпод сайн амжилт гаргаж чадсангүй. Ядаж ганц хүрэл медаль нэмж авч чадсангүй.

 

Монгол улс Парисийн олимпод 74 дүгээр байрт орсон нь тун муу үзүүлэлт юм. Монголын олимпийн хороо Парисийн олимпод зохион байгулалттай, сайн бэлтгэж оролцож чадсангүй, тамирчдын ажиллах нөхцлийг хангаж амжилт гаргах менежмент хийсэнгүй. Гэтэл гадаадын тамирчид шинэ төрөлд хүч үзээд алт авч байх юм. Хятадын уран сайхны гимнастикчид энэ төрөлд огт алтан медаль авч байгаагүйдээ дүгнэлт хийж Орос улсаас сайн дасгалжуулагч бүсгүй авч энэ төрлөөр сая Хятад улс олимпод алтан медаль авч, удаах байранд Израиль, Итали орж байх юм. Монголчууд яагаад уран сайхны гимнастикаар хичээллэж болохгүй гэж. Азербайджан улс хүртэл уран сайхны гимнастикаар анх удаа хичээллэж олимпод ороод эхний тавд орж байна ш дээ.

 

Манайх спортын шинэ төрөл бүү хэл, уламжлалт спортын төрөлдөө ч медалийн бараа харахаа бараг больжээ. 

 

Монгол Улсад сайн дасгалжуулагч, сайн бөх олдохгүй бол Оросын Буриад, Якут, Дагестан, Осетинаас ч юм уу, Иранаас ч юм уу бөх болон дасгалжуулагч аваач. Монгол Улс олимпод ширээний теннис, байт харваа, гимнастик, хөнгөн атлетик, усан сэлэлт, 3х3 сагс, хөл бөмбөг, морин спорт зэрэг төрлөөр гадаадаас дасгалжуулагч авч энэ төрлөө сайжруулаач. Дэлхийд их спортоор амжилт гаргаж байгаа азийн Япон, Хятад, Өмнөд Солонгосоос туршлага авч хэрэгжүүлээч. Монголын их спортыг яаралтай шинэчлэхгүй бол африкаас дор орох нь байна шүү. Монголын олимпийн хороо, холбогдох спортын байгууллагууд энэхүү Парисын зуны олимпод амжилтгүй оролцсон явдалдаа дүгнэлт хийгээч. Эдгээр бүтэлгүй явдлаа хэзээ дуусгах юм бэ. Ядаж бэртэлгүй, эрүүл чийрэг, бэлтгэл хангагдсан сайн тамирчинаа олимпод явуулж болдоггүй юм уу. Эмч, бариа засалч, бэлтгэл хангагч, хоол зүйч, сэтгэл зүйчээ олимпод авч явж болдоггүй юм уу. Ийм салан задгай хариуцлагагүй байдлаасаа салаач.

Ийм урагшгүй байдлаасаа салахгүй бол дараагийн Лос Анжелесийн олимпод ч гэсэн энэ бүтэлгүй байдал давтагдах бус уу. Монголын спортын удирдлага хуучин социализмын үеийн арга барилаасаа салаач. “Нөхрөө хараад өөрийгөө зас” гэдэг үг байдаг даа. Монголчууд бид хөрш зэргэлдээ ойролцоох Хятад, Орос, Казахстан, Узбекистан, Киргиз улсын спортоо хөгжүүлж байгаа туршлагыг хараад өөрсдийгөө хөгжүүлэх цаг болжээ. Америкийн Лос Анжелесийн олимпод ахиад апдахгүй шүү, амжилт гаргана шүү, Монголчууд минь.

 

Доржийн СҮХБААТАР