Өвөрхангай аймагт сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн Хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын байранд уржигдар буюу наймдугаар сарын 17-ны өдөр нэр бүхий иргэд шууд бичлэг хийж цагдаагийн алба хаагчид хахууль авч байна гэх мэдээллийг түгээсэн. Үүнтэй холбогдуулан албаны шалгалтыг явууллаа. 

2024 оны наймдугаар сарын 17-ны 13:58 цагт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт гадаадын иргэдийн зорчиж явсан Land Cruiser 200 загварын автомашин жалга руу орж осол гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн замын цагдаагийн зохицуулагч очиж үзлэг шалгалтыг хийж улмаар гадаад улсын иргэдийн орчуулагчийг цагдаагийн газар дээр авчирч тайлбар мэдээлэл авах, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байна. 

Энэ хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн мотороос нь тос гоожиж улмаар өөрөө явах боломжгүй болсон тул ачигчийн үйл ажиллагаа явуулдаг иргэн рүү холбогдож тухайн тээврийн хэрэгслийг ачуулж, тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авчирсан. Авчирсан зардал нь 150,000 төгрөг гарсан. Тухайн иргэн 150,000 төгрөгөө авъя гэж нэхэмжилсний дагуу гадаадын иргэнд замын цагдаагийн зохицуулагч тайлбарлаж өгсөн. 

Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд журамлагдаж байгаа учраас тухайн гадаадын иргэн туслах "Ж" гэх иргэн рүү гээ ярьж, тээврийн хэрэгсэлд байгаа эд зүйл, мөнгийг аваад ир. Түүнээс ачилтынхаа мөнгийг аваад ир гэсний дагуу авчирсан байгаа юм. 

Иргэд цагдаагийн газарт шууд бичлэг хийж байх үед мөнгө, эд зүйл барьсан залуу орж ирсэн. Орж ирээд манай зохицуулагчийн өрөө рүү орох хооронд шууд бичлэг хийж байсан иргэд торонд байсан мөнгийг нь булааж авч цагдаагийн алба хаагчид авлига өгөх гэж байна гэсэн ташаа мэдээлэл тараасан нь тогтоогдоод байна.

Мөн яг энэ үед эрүүгийн цагдаагийн даргын тасгийн дарга нь иргэд удирдлагуудтай чинь уулзъя гэж байна гэсний дагуу доошоо бууж ирж байх үед цэнхэр тортой мөнгө барьсан иргэн бичлэг хийж байсан иргэдтэй таарсныг энэ албан хаагч авлига авах гэж байна гэх ташаа мэдээллийг тараасан байна" гэв.