Xичээл эхэлж буйтай холбогдуулан хичээлийн цагийн хуваарь Монгол Улс болон бусад улсад ямар байдаг тухай хүргэж байна.

 

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй

 

сонин mn

Зуны гурван сар амарсан багачууд хичээл эхлэх хоногоо хуруу даран хүлээж, дөнгөж сургуулийн босго алхаж буй зургаан настнууд цоо шинэ ертөнцөд хөл тавих өдрүүд эхлэх гэж байна. Тодруулбал, хичээл эхлэхэд гурав хоног үлдээд буй. Манай улс нэг жилд 33 долоо хоног хичээллэдэг. Хичээл үргэлжлэх хугацаа 40 минут. Харин завсарлагаа таван минут байдаг. Энэ нь хүүхдүүдэд хүндрэлтэй байдаг тухай тэд ярьдаг.

 

Д.Маргад-Эрдэнэ энэ жил аравдугаар ангид суралцана. Түүний хичээл өглөө 08:00 цагт эхэлж, 13:15 цагт дуусдаг байна. Анги ахих тусам хичээлийн завсарлагааны минут багасдаг нь хүндрэлтэй байгааг хэлж байсан юм. “Дунд ангийн хүүхдүүд үдийн цай уудаггүй. Тиймээс хүүхдүүд хичээлийн их завсарлагаар гарч бие засаж, юм иддэг.

 

Гэвч завсарлагааны минут ариун цэврийн өрөө ороход ч хүрэлцдэггүй. Бие засах гээд дугаарлаж байхад дуусдаг” гэсэн юм. Мөн тэрээр хичээлээ тараад гар бөмбөгийн дугуйлан, уртын дууны дугуйланд явдаг. Ингээд орой 18:00 цаг орчимд гэртээ харьдаг байна. Сургуулийн хүүхдүүдийн нийтлэг төрх нэг иймэрхүү байдаг. Харин бага ангийн хүүхдүүдийн хувьд хичээл 08:00 цагт эхлэх бөгөөд бага анги өдөрт 4-5 цаг хичээллээд 11:45 цагт дуусдаг. Харин ахлах, дунд ангийн хувьд 6-8 цаг хичээллээд 13:15-14:00 цагийн хооронд тардаг. Хичээл хооронд 5 минут завсарлана. Их завсарлагаа нь 10 минут үргэлжилдэг. Ахлах ангийн хүүхдүүд сонгон судлах хичээлийг өөрсдийн хүсэлтээр судалдаг.

 

Ихэвчлэн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлээ илүү цагаар үздэг. Зарим сургуулиуд үнэ төлбөргүй дугуйлан хичээллүүлдэг ба хичээлийн бус цагаар хүүхэд хүссэн дугуйландаа хамрагдах боломжтой.

 

Мөн манай улс зөвхөн бага ангийн сурагчдад үдийн цай өгдөг. Хичээлээ тараад гэрээс нь авах хүнгүй бага ангийн хүүхдүүд өдөр өнжүүлэхэд явах нь цөөнгүй. Өдөр өнжүүлэх нь сургуулиас тусдаа гэрийн даалгавар хийх, нэмэлт давтлага явуулах хөтөлбөртэй газар юм. Мөн сурагчид өөрсдийн хүсэлтээр сургуулиас гадуур сургалт, дугуйланд хамрагддаг.

 

Солонгост завсарлагааны цаг 10 минут байдаг

 

сонин mn

Солонгост бага сургууль зургаан жил, дунд сургууль гурван жил, ахлах сургууль гурван жил сурах тогтолцоотой байдаг. Дунд болон бага сургууль нь үнэ төлбөргүй байдаг. Бага сургуулийн боловсрол нь суралцах дадал, өдөр тутмын амьдралд шаардлагатай анхан шатны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Нэг цагийн хичээл бага анги 40 минут, завсарлагааны 10 минут байна. Энэ нь хүүхдүүдэд бие засах болон амрах боломжийг олгодог байна. Мөн бага дунд сургуульд хүүхдээ хамруулаагүй хүнд мөнгөн торгууль ноогдуулдаг.

 

Хичээлийн эхний цаг 09:10 цагт эхлэх бөгөөд өдөрт 4-5 цагийн хичээл ордог. Бага сургуулийн сурагчдын хичээл өдрийн 15:00 цаг гэхэд дуусна. Хичээлээ тараад хүсвэл нэмэлт хичээлд суух боломжтой.

 

Сургуулийн төлөвлөгөөний дагуу хичээлээс гадуурх үйл ажиллагаа тасралтгүй явагддаг аж. Тодруулбал, хичээл тарсны дараа болон бямба гарагт авьяас чадварыг хөгжүүлэх, боловсролын хандив цуглуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг байна. Мөн эцэг эх нь хоёулаа ажилладаг, бага орлоготой, өрх толгойлсон гэр бүл зэрэг асран халамжлах шаардлагатай хүүхдүүдэд зориулсан асрамжийн анги байдаг. Тухайлбал, аав ээж нь ажилтай хүүхдүүдийг ажлаасаа тарах хүртэл нь хардаг гэсэн үг. Тус ангийн ажиллах цаг нь сургуулиасаа хамааран харилцан адилгүй. Дунд сургуулийн сурагчид 45 минутаар 6-7 цагийн хичээлд сууна. Сургалтын хөтөлбөр нь хичээл сургалт, практик гэсэн хоёр хэсэгтэй. Дунд сургуулиас эхлэн шинжлэх ухааны хичээлүүд орно. Харин практик арга хэмжээ нь хичээлийн дараа болдог. Үүнд бие даасан, бүлгэмийн, сайн дурын үйл ажиллагаанууд мөн мэргэжил сонгоход туслах арга хэмжээ болно.

 

Хичээлийн жилийн нэг улирлыг чөлөөт улирал гэж нэрлэнэ. Энэ улиралд хичээл, өрсөлдөөнөөс ангижран дасан зохицох чадварыг хөгжүүлэх практикийн хөтөлбөр болон урлаг спортын үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

 

Ахлах сургууль нь хот, орон нутаг, сургалтын чиглэлээрээ төрөлжсөн байдаг. Энгийн буюу дунд сургуулийн боловсрол дээр шат ахих сургалт явуулдаг ахлах сургууль ихэнх хувийг бүрдүүлдэг. Тусгай салбарын мэргэжлийн боловсрол олгох зорилготой, сайжруулсан хөтөлбөр бүхий болон сургалтын үйл ажиллагаагаа бие даан чиглүүлдэг гэсэн олон төрлийн сургууль байдаг. Төрлөөсөө хамааран хичээллэх цаг харилцан адилгүй. Мэргэжлийн чиг баримжаа олгох нэмэлт сургалтууд тасралтгүй явагддаг.

 

Япон: 45 минутын хугацаанд завсарлан үдийн хоолоо иддэг

 

сонин mn

Боловсролын системийн хувьд БНСУ-тай төстэй. Бага сургууль зургаан жил, дунд, ахлах анги гурван жилээр суралцдаг байна. Япон сургуулийн хичээл 8:45 цагт эхлээд 15:15 цагт тардаг. Хичээлээ тараад ихэнх сурагчид сургууль дээрээ зохион байгуулагддаг урлаг, спортын дугуйлан, нэмэлт сургалтад хамрагдана. Тусгай хэрэгцээт сурагчид долоо хоногт 1-2 цаг ганцаараа болон багаараа өөрт тохирсон сургалтад хамрагддаг. 11:00 цагаас 45 минутын хугацаанд завсарлан үдийн хоолоо иднэ. Үүний 20 минут нь хооллох, 20 минут гадаа тоглох, таван минут дараагийн хичээлдээ бэлдэх гэж хуваасан байдаг. Бага сургуулийн хүүхдүүд ерөнхий хичээлээс гадна өрхийн аж ахуйн хичээл үздэг. Үүнд хоол хийх, юм оёх анхны мэдэгдэхүүн олгоно. Түүнчлэн үндэсний бичгийн соёлд суралцан шүлэг бичих, уран бичлэг зэргийг бие даан хийдэг. Багт хуваагдан анги танхимаа цэвэрлэх, сургуулийн үдийн цайг бусдадаа зөөж үйлчилдэг.

 

Хятадад завсарлагаар нэг цаг унтдаг

 

сонин mn

Хятад хүүхдүүд бага дунд боловсролыг есөн жилийн хугацаанд эзэмшдэг. Энэ нь зайлшгүй эзэмших боловсрол юм. Харин дунд ангиас ахлах анги руу дэвшихдээ шалгалт өгдөг. Хичээлийн шинэ жил долоодугаар сарын дунд үеэс есдүгээр сарын хооронд эхэлдэг. Амралтаараа сурагчид зуны хичээлд сууж, элсэн орох шалгалтдаа бэлддэг. Ихэнх сургуулийн хичээл 7:00 цагт эхэлж 17:00 цагт тардаг.

 

Сургуулийн бүх талбайг төмөр хашаагаар хүрээлсэн байдаг. Хичээл орох, тарах үед хаалгыг нээдэг байна. Сурагчид өглөө, өдөр дасгал хийдэг. Үдийн цайны завсарлагаа нь нэг цаг үргэлжилдэг. Энэ үеэр хүүхдүүд хоол идэж тоглодог байна. Завсарлагааны дараа унтлагын цаг үргэлжилнэ. Өдөрт 2-3 цаг англи хэлний хичээл орно.

 

Өндөр төлбөртэй сургуулийн сурагчид англиар чөлөөтэй ярьж чаддаг байна. Хүүхдүүд өдөрт 10-13 цагийг хичээл хийхэд зарцуулдаг. Үүний ихэнхийг сургууль дээрээ өнгөрүүлдэг байна. Энэ тухай Хятад улсын дунд сургуулийн сурагч Х.Мөнхдалай “Таван настайгаасаа эхлэн Хятад улсын сургуульд суралцсан. Хичээлийн цаг нь өглөөнөөс орой хүртэл үргэлжилдэг. Хятад сургуулийн дүрэм их өөр. Тодруулбал, ариун цэврийн өрөө орох, сургууль дээр байгаа арга хэмжээнд оролцохын тулд заавал багшаас асуудаг. Мөн хичээлийн дундуур өөр зүйлс хийхийг хатуу хориглодог. Мөн хичээл өглөө 07.00 цагт эхэлж, өглөө бүр бүх сурагчид багш нарын хамт сургуулийн гаднах биеийн тамирын талбайд жагсан дасгал хөдөлгөөн хийнэ. Үүний дараа 08.00-12.00 цагийн хооронд математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг үзэж судална. 12.00-13.00 цагийн хооронд үдийн цайны завсарлага байх ба энэ үеэр хүүхдүүд сургууль дээрээ унтаж амран, үдээс хойш харин хүмүүнлэгийн буюу сайн дурын ажилд оролцдог. Дараа нь хүүхдүүд гэрийн даалгавраа хийж, зөвхөн 16 цагт л гэртээ харьдаг” гэсэн юм.

 

 

Б.БУЯНБИЛЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин