Дараа жил томилогдох дараагийн Ерөнхий прокурор, АТГ-ын даргын төлөөх сунгаа эхэлжээ
2024/09/04
Ер нь бол албан тушаалд дурлах, тийш тэмүүлэн зүтгэх байдлаараа манай хууль хяналтын байгууллагынхан улстөрчдөөсөө илүү гэдэг юм. Энэ үнэний ор өндөртэй. Хэдэн жилийн өмнө Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн байхдаа чуулган дээр “...Манай ах нар албан тушаалын сураг гарахаар ордны коридороор гурав, дөрөв, түүнээс дээш араандаа хийгээд хурдалчихдаг” гэж хэлж байлаа. Яг л энэ. Нөгөө сайхан шүүгч, прокурор, цагдаа тагнуул, шүүхийн шийдвэрийн хурандаа нар, АТГ-ын комиссарууд чинь Ерөнхий шүүгч, прокурор, Ерөнхий газрын даргын суудлын сурагаар хурдаа авна шүү дээ.
Ойрноос манай хууль хяналтын хашрууд хөдөлгөөнд ороод байна. Учир нь ирэх 2025 онд хоёр ч том албан тушаал онгойх сураг гарсан. Сураг ч гэж, хуулиараа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 28-нд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг албан тушаалаас нь огцруулах тухай зарлиг гаргасан. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд Б.Жаргалсайханыг Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлаар зөвшилцөх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Ингээд маргааш нь буюу УИХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Б.Жаргалсайхан тэр чуулган дээр “…Эрүүгийн хуулийн цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээг буруу хэрэглэж, хэрэг хүлээлгэдэг явдал байна уу даа гэж боддог. Тагнаж чагнадаг тухай асуудал байгаа нь үнэн. Эрүүдэн шүүх явдал ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл.
Би Ерөнхий прокуророор томилогдвол эрүүдэн шүүх асуудлыг таслан зогсоохоос ажлаа эхэлнэ” гэж байв. Тэгээд гишүүдийн 83.3 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилсон. Тэр өдөртөө Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилсон зарлигийг гаргаж байв.
Мөн З.Дашдавааг АТГ-ын даргаар томилуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы 2019 оны тавдугаар сарын 2-ны хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа “…Нийгэмд шударга ёс алдагдаж, авилга хүнд суртал гаарсныг иргэд шүүмжилж, энэ гажуудлыг таслан зогсоож, тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага хангалтгүй ажиллаж байгаад холбогдох байгууллага, албан тушаалтнууд зохих ёсоор анхаарч, АТГ-ын хууль зөрчин ажиллаж байгаа удирдлагуудыг солих, авилгатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудыг үр дүнтэй шударга ажиллуулах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм. Иймд АТГ-ын даргаар З.Дашдавааг, томилуулахаар санал болголоо” гэсэн. УИХ-ын гишүүдийн 94.6 хувийн саналаар З.Дашдаваа АТГ-ын дарга болж байв.
Ингэж хуулиар хоёулаа зургаан жилийн хугацаатай томилогдсон. Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан.
Харин Авлигын эсрэг хуулийн 21.1-т “…АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хуультай. Үүгээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхын бүрэн эрх 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд, АТГ-ын дарга З.Дашдаваагийнх 2025 оны тавдугаар сарын 2-нд дуусна. Тиймээс салбарынхан нь тэдний орыг залгачих санаатай дээгүүр доогуур гүйлдэж, зарим үед хэвлэлээр “…Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ” гэсэн мэдээллүүд гүйлгэж байна. Өөрөөр хэлбэл, дараа жил томилогдох дараагийн Ерөнхий прокурор, АТГ-ын даргын төлөөх сунгаа эхэлжээ. Дашрамд хэлэхэд, өмнө нь Ерөнхийлөгч хоёуланг нь санал болгодог байсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгох хуультай болжээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Иргэн · 2024/09/05
улс төр өөр байгууллагын хүн |рокурорыг удирдана гэж байхгүй ээ. тэгвэл шудрага ёс гэж байхгүй ашиг сонирхол л байх болно. Одоо байгаа ерөнхий прокурорын хугацааг нь сунгаж болдог бол сайнсан даа. Олон ч хэргийг шүүхээр шийдүүлсэн шүү дээ өмнө нь тэгж байсныг санахгүй л юм бн.
Зочин · 2024/09/04
Энэ хоёр хүн шударга нуруутай ажилласаан тэр тусмаа Дашдаваа маш олон хэргийг илэрүүлж шүүхэд шилжүүлсэн олон тэрбумыг улсад төлүүлсэндээ
Зочин · 2024/09/04
Миний мэдэхийн Жаргалсайхан прокурорыг ерөнхий прокуророос томилогдохоос өмнө Алтанхуяг, Дорлигжав, Энх-Амгалан гэх хүмүүс ерөнхий прокурорын албаыг хашиж байсан шиг санаж байна. Бүгд гаднаас томилогдож байсан.Жаргалсайхан прокурор прокурор дундаасаа ерөнхий прокуророор томилогдож прокурорын байгууллагад их зүйл хийсэн хүн юм билээ
Зочин · 2024/09/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/04
Прокурорын байгууллагыг улс төр бусад байгууллагын хүн удирдана гэж байхгүй. Улс төрийн хүн шургалж орвол тэр цагаас эхлэн шударга ёс үгүй болно. Эрх мэдэлтэй хэдэн хүмүүс энэ байгууллагаар тоглож дуусна, хуулиар далайлгаж хүслээ гүйцэлдүүлдэг газар болно доо. Ерөнхий прокурорын хугацааг нь сунгаад ажиллуулбал таарна. Энэ хүн шиг зоригтой шударга ажиллаж чадах хүн байна уу. Энэ хугацаанд олон том хэргүүдийг яаж шийдүүлсэн гэдгийг ард түмэн бид мэдэж байгаа.
Зочин · 2024/09/04
Хүмүүс ээ, Ерөнхий прокурор өөр байгууллагаас томилогдвол дахиад л баахан завхрал гарна даа. дорлигжав болоод яалаа даа, ерөнхий прокурорын албан тушаалыг шантааж хийж, сая сая доллараар нь хахууль авдаг хэрэгсэл болгож, бүх зүйлд улс төрийн өнцгөөр хандаж завхруулсан даа. энх-амгалан ерөнхий прокурор болоод яалаа. сахал эрдэнэбилэгийн бие төлөөлөгч хийгээд, нөгөөх нь төр, улсынх нь мөнгөөр хамаг өнгөтэй, өөдтэй үйлдвэр, хөрөнгийг нь худалдаж аваа биз дээ????? Энэ бүх түүхийн алдаа арилаагүй байна шүү ард түмээн
Зочин · 2024/09/04
Үүрэгт ажлаа хариуцлагатай сайн хийсэн хүмүүс шиг санагддаг.