Дуучин, жүжигчин Жон Жи Хун буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, BLOO нар  "Super Concert" тоглолтод уран бүтээлээ толилуулахаар манай улсад хүрэлцэн ирэх гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө. 

"Super Concert" есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д болох бөгөөд тасалбар хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP, VVIP гэсэн төрлөөр борлуулагдаж байгаа юм байна. 

Уг уран бүтээлчид Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны бөгөөд албан ёсны энтертайнмент "Evandis" компанийн урилгаар Монголд ирж байгаа аж. 

Тус энтертайнмент компани нь хамгийн анх хоёрдугаар сард БНСУ-ын алдарт дуучин жүжигчин Ким Хён Жун болон дуучин MC SNIPER, BLOO нарын хамтарсан "Your valentine" тоглолтыг зохион байгуулсан юм. 

Ирэх жил мөн Солонгосын болон олон улсын томоохон оддыг монголд урьж тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа жил хийх тоглолтуудынхаа төлөвлөөг гаргасан зохион байгуулалтаа хийгээд эхэлсэн байгаа юм байна. Энэ удаагийн тоглолтыг олон улсад Монголыг сурталчилсан томоохон цар хүрээтэй зүйл болох болно гэж харж байгаа аж. 

"Хамгийн чухал зүйл бол Монголыг сурталчлах юм"

Evandis Entertainment -ын үүсгэн байгуулагч John Ко (Го Сон Хун) "Эдгээр алдартныг Монголд авчирна гэдэг амаргүй ажил байсан. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Монголыг сурталчлах юм. Солонгос уран бүтээлчдийг буцахад нь Монгол Улс маш гоё угтсан гэдэг сэтгэгдлийг үлдээх нь чухал. 

Rain надаас "Танай монголчууд ажилдаа явахдаа морь унаж явдаг уу?" гэж асууж байсан. Тэр нь тоглож асууж байгаа зүйл биш үнэхээр л жинхэнээсээ асууж байсан. Энэ асуултаас үүдээд би Солонгост байгаа маш олон уран бүтээлч Монголыг сайн хөгжсөн гэдгийг ерөөсөө мэдэхгүй байгаа юм байна гэдгийг ойлгосон.

Иймд манай энтертайнментын тавьсан хамгийн гол зорилго бол Монголыг маш сайн сурталчлах, бүрэн утгаар нь танилцуулаад явуулах юм. Түүнчлэн солонгос уран бүтээлчдэдээ Монголын сайхан нутгуудыг үзүүлнэ. 

Энэ тоглолт маш сайн болж байж цаашлаад Солонгосын олон уран бүтээлчдэд Монголын өнөөгийн хөгжил, соёлыг таниулах анхны шат болох юм" гэв. 

Солонгос гурван уран бүтээлч есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд гурван багт хуваагдаж ирэх ба буцах өдөр товлогдоогүй байгаа юм байна. Тоглолтод Монгол уран бүтээлчдээс дуучин УКА, Magnet Brain, DIOD хамтран оролцох аж. 

Уран бүтээлчдийн тухай товч мэдээлэл: 

RAIN

Монголчуудад "Миний Байшин" телевизийн уран бүтээлээрээ танигдсан жүжигчин RAIN хүрэлцэн ирэх болно. Тэрбээр дуучин, жүжигчин, ая зохиогч бөгөөд долоон цомог, 28 сингл, дэлхийн даяар нийт 20 гаруй бие даасан тоглолтоо хийсэн.

Өдгөө 42 настай түүний хувьд дуучин болон жүжигчнээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд анх 2000 онд JYP энтертайнментэд бэлтгэгдэгчээр элсэж, арын бүжигчнээс дэлхийн хэмжээний од болтлоо тасралтгүй хөдөлмөрлөжээ. Түүнийг "К-поп ертөнцийн домог" хэмээн тодорхойлоход ч дэгсдүүлсэн хэрэг болохгүй.

Анхны цомог "Bad guy" нь 2002 онд олны хүртээл болж, тухайн үеийн БНСУ-ын хөгжмийн салбарт шинэ өнгө төрх авчирч чадсан ба мөн онд "Sang Doo! Let's Go to School"телевизийн цувралд дүр бүтээснээр жүжигчний карьераа эхлүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш жүжигчний хувьд БНСУ, БНХАУ, Холливүүдийн 20 орчим дэлгэцийн бүтээлд дүр бүтээгээд буй. Эдгээрээс “Full House” (2004), “Ninja Assassin” (2009), "Red Swan" (2024) зэрэг бүтээлийг онцолж болох бөгөөд тэр Өмнөд Солонгосоос Холливүүдийн тавцанд анхлан гарсан чансаатай уран бүтээлчдийн нэг юм.

Сандара Пак

Өмнөд Солонгосын хоёрдугаар үеийн охидын хамтлагийн тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигддэг 2NE1 хамтлагийн гишүүн Дара нь к-поп ертөнцөд хөл тавихаас ч өмнө олны анхаарлыг татсан нэгэн байжээ. Түүний гэр бүл 1995 онд Филиппин улс руу нүүсний дараа 2004 онд тэрбээр тус улсын "Star Circle Quest" нэвтрүүлгийн эхний улиралд оролцож, хоёрдугаар байр эзэлснээр урлагийн карьераа эхлүүлсэн аж. Илүү тодруулбал Star Magic компанитай гэрээ үзэглэж, зар сурталчилгаа, дэлгэцийн бүтээл, дуу хөгжим чиглэлээр идэвхтэй ажилласан нь түүнийг Филиппинд нөлөө бүхий уран бүтээлч болгожээ. Хэдийгээр гаднын зах зээлд амжилттай ажиллаж байсан ч Star Magic-тэй гэрээгээ сунгаагүй бөгөөд 2007 онд гэр бүлийн хамт эх орондоо эргэн ирсэн юм. Тийнхүү YG энтертайнменттай гэрээ байгуулж, хоёр жилийн хугацаанд бэлтгэгдэн 2009 онд 2NE1 хамтлагт дэбют хийсний зэрэгцээ соло уран бүтээлчийнхээ карьерыг ч мөн онд эхлүүлсэн.

Тэдний хит дуунуудаас Fire, I Am the Best, Go Away, Come Back Home зэргийг онцолж болох ба 2NE1 бол БНСУ-ын хөгжмийн ертөнцөөр үл хязгаарлагдан олон улсад гарч чадсан охидын хамтлаг билээ. Тухайлбал, 2014 онд "Crush" хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний цомог нь Billboard 200 жагсаалтын 61-р байранд бичигдэж, тухайн үедээ АНУ-д хамгийн дээгүүрт бичигдсэн к-поп цомог болж байсан юм.

BLOO

Энэ оны хоёрдугаар сард манай улсыг зорин ирж, уран бүтээлээ толилуулсан түүнийг “Downtown baby" дуугаар нь уншигч та бүхэн мэдэх биз ээ. "Миний "Downtown baby" дуу Монголд хит байсан гэж үнэхээр мэдээгүй." хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан тэрбээр манай улсыг дахин нэг удаа зорин ирж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж буй нь энэ
юм. Уран бүтээлийнхээ гарааг 2016 онд "Drive Thru" цомгоор эхэлсэн түүний хувьд нийтдээ гурван цомог гаргажээ.