Украйнд Оросын хийж буй дайн дажин, олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан их хөршийн Ерөнхийлөгч Путиний Монголд хийсэн энэ удаагийн айлчлал ихээхэн сүр дуулиантай боллоо. Өнөө ч зарим хүмүүс элдэв ёс бус үг, санаа бодлоо нийгмийн сүлжээгээр илэрхийлсээр байна. 

Айлчлал айлын санаачлагаар болсон болов уу. Яагаад ? өнөө өрнөд дорнодын том хавчлага, хоригт ороод буй Путин Монгол болон дэлхий дахинд хэлэх гэсэн үгээ заавал өөрийн бие, үйлдлээр үзүүлэх хэрэгцээтэй байлаа. Тэрээр Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан урьдын адил Монголчуудад нэгдүгээрт, та нарыг энэ Монгол Улсыг чинь бид Оросын ард түмний хөвгүүд, охидын амь бие, ариун цусаар хамгаалсан юм шүү гэдгийг хатуу ойлгуулах, хоёрдугаарт, энэ Монгол Улсыг чинь бид байгуулж, хамгаалж ирсэн, манай Оросын нөлөөний бүс шүү гэдгийг дэлхий дахинд бас дахин сануулах шаардлагатай болсон. 

 

Ингэхдээ Монголын хувьд ашигтай зарим жижиг буулт Оросын тал хийлээ. Монгол Оросын худалдаа Монголын талд тэрбум долларын алдагдалтай явж ирсэн.

 

Оросын тал Монголын экспортод томоохон татвар ногдуулж ирснээс манай цөөхөн хийгээд бага хэмжээтэй бараа бүтээгдэхүүн орос оронд зарагдах нөхцөлгүй байсныг харин өөрчилж татварыг тэглэлээ. Энэ бол Оростой чөлөөт худалдаа хийх боломж нээсэн сайн үйлдэл юм. Бас олон жил яриад Оросын хоригтой байнга мөргөлддөг Эгийн голын УЦС байгуулах асуудал нааштай тийш эргэлээ гэж ойлгов. Мөн 3 дугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэх болж байх шиг. За тэгээд агаарын болоод газрын тээврийг чинь түлш шатахуунаар үл таслана гэх зэрэг амлалтууд Путин өгөх шиг боллоо. Нэг ёсны жижиг наймаа юм л даа.

 
Сүүлийн үед дипломат харилцааг наймааны явдал болгох асуудал энэ ээдрээтэй ертөнцөд ихээхэн дэлгэрээд байна. Дайн дажин Ойрхи Дорнод, Израйль Палестиныг хар л даа.

 

Тэгэхээр олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг зөрчин байж, Путинийг Монголд айлчлахыг зөвшөөрсөн нь манай улсын эрх ашигт ч нийцсэн гэж үзэж болно. "Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага" шиг Монгол оронд өөр зам байгаагүй. Тэгээд ч гэсэн өнөө Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд олон улсын эрүүгийн шүүхээс илүү хөрш зэргэлдээ их гүрэн Орос онцгой ач холбогдолтой юм. Тиймээс Улаанбаатар дахь дипломат корпус эсэргүүцсэнийг, Урайны тал дургүйцэн зүхсэнийг тоогоод хэрэггүй. Яахав тэдний зөв, зарчмын асуудал байсан. Уучлаарай өөр арга байсангүй л гэх хэрэгтэй. 

Эцэст нь Монгол Улсын аюулгүй байдал гэдэг бол энэ ард түмний хамгийн дээд зэргийн эрхэмлэх нандин эрдэнэ билээ.

 

Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин Т.Залаа-Уул