Олон улсын Эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх Үндэсний зохицуулагчийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг сорих, дасгал сургуулилт хийх ажлыг 12 дугаар сарын 4-ны өдөр ХӨСҮТ-д зохион байгууллаа. 

Уг сургуулилтыг ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн орнуудад зохион байгуулдаг бөгөөд болзошгүй халдварт өвчний дэгдэлтийн үед олон улсын Эрүүл мэндийн дүрмийг тухайн улс орондоо хэрэгжүүлэх ажлыг зохицуулан, зохион байгуулах үүрэгтэй.  

Энэ удаагийн сургуулилтын үеэр одоогийн хэрэгжүүлж, гүйцэтгэж буй үйл ажиллагаагаа өгөгдсөн сорилын дагуу гүйцэтгэж, танилцууллаа. Ингэхдээ, “Манай бүсийн аялал жуулчлал хөгжсөн ХХХ улсад ямар нэгэн шалтгаан тодорхой бус гэнэтийн өвчлөл гарч, 25 хүн өвчилж, 10 нь эндэж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тухай мэдэгдээд,   

Энд өвчилсөн хүмүүстэй Монгол улсаас ирсэн нэг гэр бүлийн 2 жуулчин хавьтал болоод нутагтаа буцсан байна. 

Энэ 2 хүн аялалаас эргэж ирээд мөн адил шинж тэмдэгтэйгээр өвчилж, нас барсан, тэдний хүүхэд мөн өвчилж, эрчимт эмчилгээнд хүнд байгаа, эдгээр өвчтөнг эмчилж байсан эмнэлгийн сувилагч бас өвчилсөн, эдгээр өвчилсөн хүмүүсийн хавьтал 30 гаруй хүн байгаа тухай мэдээллээ. 

Үүнээс үүдэлтэйгээр Монгол улсад үүссэн нөхцөл байдал хэрхэн өрнөж, өөрчлөгдөж байгаа явцыг 10 гаруй удаагийн мэдээллээр цаг үеийн байдлыг танилцуулж, ийм нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллах"-аа багууд хийсвэрээр төлөвлөн, хийж, хэрэгжүүлж буй бүх үйл ажиллагаа, түүний явцыг цахим шуудангаар болон утсаар дамжуулах, өөрөөр хэлбэл зайнаас шалгалтаа өгөх даалгавар аван, ажилласан юм.  

alt  

Сорилын үйл ажиллагааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал (Үндэсний зохицуулагч) Д.Нямхүү ерөнхийд нь удирдан зохион байгуулж, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба, нэгдсэн лабораторийн алба, халдвартын клиник, мэдээлэл технологийн алба, Эрсдлийн үеийн мэдээлэл харилцааны баг, санхүү, хангамж үйлчилгээний албадын 20-иод эмч, мэрэгжилтэн баг болж оролцсон. Багууд дор бүрдээ хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ нэг бүрчлэн бичиж буулган, орчуулах, түүнчлэн бүсэд дамжуулж мэдээлэх байдлаар 5 цаг орчим хийж гүйцэтгэв.  

Энэхүү шалгалтын явцыг ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас холбогдох мэргэжилтнүүд ажиглан, хянагчаар оролцлоо. 

 Уг үйл ажиллагааны төгсгөлд Бүсийн хорооноос манай улсын үндэсний зохицуулагчийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний чадавхи, үйл ажиллагааны дүнг танилцуулахдаа “хангалттай сайн” гэсэн үнэлгээг өгсөн юм.

alt

alt