Наадамчдын гудамжнаас/Яармагийн "Номин" дэлгүүрийн зам/ Эрчим хүчний гудамж/ТЭЦ-IV/ хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж эхэлжээ. Уг зам нь зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай, гурван том гүүртэй байна.

"Гүүрний ажил бараг дууссан. Одоо 2.4 км замыг асфальт бетоноор хучих ажил арав хоног орчим үргэлжилсний дараа гэрэлтүүлэг, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, уулзварын тохируулгыг хийж, аюулгүй байдлыг хангасны дараа замын хөдөлгөөнийг нээнэ. Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг дотоодын дөрвөн компани гүйцэтгэж байна" гэж албаны хүн мэдээллээ.

 

 

 

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир "Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох буюу ТЭЦ-IV хүртэлх замыг асфальт бетоноор хучиж байна.

Уг замын гурван гүүрний ажил 98%-д хүрлээ. Тодруулж хэлвэл Туул гол дээгүүрх 390 урт/метр, Дунд гол дээрх 54 урт/метр, Туул голын салаанд 36 урт/метр гүүр баригдсан юм. Эдгээр гүүрийг холбосон 2.4 км замыг асфальт бетоноор хучиж байгаа юм. Одоо Туул гол дээгүүрх 390 урт/метр гүүрнээс ТЭЦ-IV хүртэлх 1.7 километр замыг хучиж байна, гурав хоногт багтаан дуусгана. Үүний дараа Туул гол дээгүүрх гүүрээс цааш буюу Яармагийн "Номин" дэлгүүр хүртэлх 800 метр авто замыг асфальт бетоноор хучих юм.

2.4 км замыг асфальт бетоноор хучих ажил 10 хоног орчим үргэлжилсний дараа гэрэлтүүлэг, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээг хийнэ. Уг зам нь зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай.

Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох буюу ТЭЦ-IV хүртэлх замын зорчих хөдөлгөөнийг энэ сард багтаан нээхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр Яармагийн замын ачааллыг 20% орчим хувь бууруулна гэж зураг төсөл дээрээ тооцоолсон байсан.

Гурван гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, замынх 2023 оны наймдугаар сард эхэлсэн ч дулаан, эрчим хүчний шугамыг өөрчлөх зэрэг томоохон ажлууд хийгдэхэд хугацаа орлоо. Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг дотоодын дөрвөн компани гүйцэтгэж байна" гэв.

Үүнээс гадна ТЭЦ-IV-ээс Гурвалжингийн гүүр, Хөсөг трейд рүү явдаг замыг дөрвөн эгнээ болгох ажил эхэлж байгааг тэрбээр хэллээ.



Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Эхний ээлжид Яармагийн замыг Эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбож байгаа нь энэ аж. Харин ТЭЦ-IV-ийн урд замыг Нэгдүгээр хороололтой холбох зам зураг төслийн шатанд байгааг албаны хүн тайлбарлаж байсан юм.