Н.Содхүү: Ажил хийсэн гэдэг үндэслэлээр солонгосын хил дээр миний визийг тэр дор нь хүчингүй болгосон
2024/09/13
Олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, тодорхой, бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай төлөөлөгчидтэй өнгөрсөн нэгдүгээр сарын 19 -ны өдөр Сөүл хотноо албан уулзалт хийх үеэр мэдэгдсэн байдаг.
Гэсэн ч БНСУ-д зорчих визний зөвшөөрөл гарсан ч тус улсын хил дээр очоод нэвтрэх боломжгүй, буцааж буй иргэд цөөнгүй байгааг олон нийт хэлж байна. Энэ талаар БНСУ-ын хил дээрээс буцсан манай улсын иргэн Н.Содхүүтэй ярилцлаа.
-Таны БНСУ-д зорчих виз гарсан ч тус улсын хил дээрээс буцсан гэж сонссон. Та хэзээ ямар төрлийн виз мэдүүлсэн бэ?
-Миний виз гурван жилээр гарсан байсан. Би 2022 оны наймдугаар сарын 25-нд анх виз авч, 2025 оны наймдугаар сарын 25-нд дуусах байсан юм. Өнгөрсөн наймдугаар сарын 10-нд БНСУ-ын хилээр орсон. Хил дээрээс шууд таныг Солонгосын хилээр оруулахгүй гээд буцаасан.
-Та тус улсын хил дээрээс яагаад буцах болсон шалтгаанаа мэдсэн үү?
-Намайг ажил хийсэн гэдэг шалтгаанаар буцаасан. Би хоёр жилийн хугацаанд Солонгос руу долоон удаа явсан байдаг. Өмнө нь явах бүрдээ 60 хоногоос дээш хугацаагаар явсныг минь анзаарч, тийм хүмүүсийг буцааж байсан.
Зарим хүнээс нь таны утсыг үзэж болох уу гэж асууж, зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсных нь дараа нь гар утсыг нь шалгаж байсан л даа. Миний утсыг шууд хурааж аваад л нууц дугаарыг нь гаргуулаад л утсан дээрх бүх зүйлийг үзсэн. Галарай дахь зураг, мессеж, чатуудыг шалгасан. Хүний хувийн мэдээлэл гэж огт бодохгүй. Сүүлд нь би хоёр юман дээр гарын үсэг зурсны нэг нь гар утас шалгах зөвшөөрөл байсан юм билээ. Гар утас шалгасныхаа дараа намайг зөвшөөрлийн бичигт гарын үсэг зуруулж байгаа юм. Дээрэнгүй гэх юмуу тийм байдлаар хандсан.
-Сүүлд та хэзээ Солонгос явсан байсан бэ. Таны утсанд ажил хийснийг тань нотлох зүйл байсан уу?
-Би сүүлд өнгөрсөн долдугаар сарын 21-нд Монгол руу буцаж ирээд, 20-иод хоносны дараа өнгөрсөн наймдугаар сарын 10-нд Солонгос руу дахин гарах гэсэн ч хил дээрээс нь буцаад ирээд л байж байна. Тус улсын хил дээр монгол орчуулагч эмэгтэй ажлын цагаар ажилладаг юм билээ. Оройн цагаар утсаар орчуулга хийдэг. Яг л байцаалт авч байгаа юм шиг бүх юмыг асуугаад л байсан. Миний хувьд мэдээж тэнд очсон юм чинь ажил хийж л таарна. Миний утсанд зураг ерөөсөө байгаагүй. Устгасан зургийг хүртэл сэргээж харсан.Намайг өмнө нь ажиллуулсан захирал руугаа “Миний тэд хоног ажилласан цалинг явуулаач ээ” гэсэн мессежийг тэд уншсан. Би мессежээ устгаагүй байсан. Ажил хийсэн байна гэж үзсэн. Бид яахав ажил хийгээгүй гээд л гүрийнэ. Ажил хийснийг мэдвэл буцаах нь ойлгомжтой. Тэр дор нь миний визийг шууд хүчингүй болгосон.
Түр саатуулах газартаа Монгол руу буцах тийзээ авч, явтал нь байлгадаг. Намайг түр саатуулах байранд байх хугацаанд нэг монгол залуу орж ирсэн юм. Маргаашийнх нь оройн нислэгээр л дээ. Тэр залуугийн хувьд гурван сарын визээр анх удаа Солонгост ирж байсан. Хүлээж авах хүнийх нь хаяг нь виз мэдүүлэхдээ өгсөн хаягнаас өөр хаяг Солонгост хэнийд очих гэж байгаа вэ гэсэн шар хуудас бөглүүлэхэд биччихсэн гэсэн. Түүнээсээ болоод таны хаяг тодорхой бус байна гэсэн үндэслэлээр залуу хилээр нэвтэрч чадаагүй. Энэ залуу буцах тийзтэй байсан болохоор тэр даруй маргааш, нөгөөдөр нь сул суудал гарангуут нь наашлуулаад шууд буцаагаад нисгэчихсэн. Хурдхан шиг манай орноос явж үз гэсэн хандлагатай. Мөн заавал “Korea air”-ээр нисэх гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь төвөгтэй.
-Түр саатуулах байранд нь та хэр удаан байсан бэ. Орчин нөхцлийн хувьд ямархуу байдаг вэ?
-Түр орогнол гэсэн цагаачлалын виз хүсэх үү гэсэн. Тэр нь бидэнд ямар ч шаардлагагүй юм чинь үгүй гэвэл нутаг буц гэсэн шаардлагыг тавьдаг. Өдөрт гурав, дөрвөн цагийн зайтай өрөөнд орж ирээд л буцах тийзээ захиал гэж шахна. Би Монгол руу ирэхдээ шинээр тийз авсан. Хурдхан шиг тийзээ захиалаад би хоёр хоноод буцсан. Түр саатуулах байранд удаан байх шаардлагагүй санагдсан. Өглөөний цай, өдөр онгоцны хоол шиг жижиг пакеттэй хоол өгдөг. Түр саатуулах байрнаас өдөрт 14-16 цагийн хооронд түр гаргадаг. Онгоцны буудлын нисэхийн өмнөх, шалганаар орсны дараа ордог зааланд хоёр цаг хэртэй саатуулагдсан хүмүүсийг түр явуулдаг. Тэр үедээ хоол авч идэх боломжтой. Гэхдээ онгоцны буудлын хоолнууд нь маш үнэтэй.
Хориотой хүн авч явж байгаа юм шиг нэг хүн намайг дагуулж явсан. Онгоц руу бүх хүн орж дууссаны дараа намайг оруулсан. Онгоцны үйлчлэгч ахлагч эмэгтэйд дугтуйнд хийсэн миний паспортыг өгч байгаа юм. Онгоцонд ороод суунгуут хоол өгдөг. Түүний дараа уух зүйлс төрөл бүрээрээ байдаг. Инээдтэй нь би санаандгүй шар айраг байхаар нь уух санаатай авъя гэтэл танд шар айраг өгөхгүй гэсэн. Яг яана гэж бодсоныг нь би ойлгоогүй. Онгоцноос буунгуут паспортыг минь өгсөн. Хоригдол шиг байж байгаад ирдэг юм билээ. Түр саатуулах өрөөнд нь олуулаа байдаг. Нимгэхэн гудастай, нөмрөх юм оройдоо өгөөд, өглөө хураагаад авчихдаг. Өөрсдөө авч явсан хамаг юм нь хоёр хоногт муудчихсан. Түр саатуулах байранд ороод ирсэн цагт юу ч гэж хэлсэн сонссдоггүй юм билээ. Давж заалдах гэдэг дээр өргөдөл бичээд ч нэмэргүй. Надад давж заалдах ямар ч боломж байхгүй гэж хэлсэн.
-Давж заалдана гэхээр яах вэ?
-Давж заалдсан тохиолдолд жижигхэн шүүх хурал шиг юм болдог. Яг ямар шалтгаанаар Солонгосын хилээр орох гэж байгааг нь шүүгээд л би шалтгаанаа тайлбарладаг юм шиг байна лээ. Гэхдээ тийм давж заалдах боломж хүмүүст өгөх нь ховор гэсэн. Түр саатуулах байранд орсон нь л бол ямар ч найдваргүй буцаадаг гэж олон хүн ярьж байхыг сонссон. Шалганы хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг юм шиг байсан. Шалгагч нэг эмэгтэй олон хүн хил дээрээс буцаадаг гэсэн. Монголчуудыг очингуут үзэхгүйгээр цаанаас хүн дуудаад л шалгуулдаг. Хувийн шалтгаантай гэх юмуу тийм тал ч ажиглагдсан. Намайг та хэзээ ч дахиж визэндээ орж болно л гэсэн. Дахиж виз мэдүүлсэн ч гэсэн Солонгосын хилээр орох эсэх нь эргэлзээтэй. Нэг удаа шалган дээр шалгагдаж, түр саатуулах байраар дамжин нутаг буцсан тохиолдолд хэцүү л гэж хүмүүс ярих юм билээ. Одоо дахиж Солонгос явах эсэхээ мэдэхгүй л байна.
-Танаас зарлага нэлээд гарсан нь мэдээж. Манайхан Солонгос явах гэж нэлээд цаг зав, мөнгөө зарцуулж виз мэдүүлдэг. Монголын тал визийг нь өгч, онгоцны тийзээ захиалж, Солонгосын хил дээр очдог ч олон залуус буцсаар буй дүр зураг ажиглагдсаар байна.
-Миний буцах онгоцны тийз есдүгээр сарын 30-нд байсан. Хатуу нөхцөлтэй тийз захиалсан юм. Хатуу нөхцөлтэй гэхээр наашлуулж, буцааж болохгүй. Энэ тийзээ тэр чигээр нь үхүүлээд Монгол руу шууд нислэгээр ирэх гэсэн ч маш үнэтэй бараг хоёр сая шахуу байсан. Тиймээс Солонгосоос Бээжин рүү нисээд, Бээжингээс Эрээн, Эрээнээс Замын-Үүд рүү дамжиж ирсэн болохоор зардлаасаа илүү маш их ядарч, хэцүү ирсэн. Виз хүчингүй болсныг ч хэлэх үү сэтгэл санаагаар ч унасан. Урьдчилж захиалж бус шууд тулж явсан болохоор автобусны билет нь ч олдохгүй. Замын-Үүдээс Улаанбаатар руу ирэхэд вагоны тасалбар ч байхгүй автобусаар хотод ирсэн. Би 560 мянгаар онгоцны тийз захиалсан гээд нийт буцах зардал нь сая төгрөг болсон. Мөнгөө хэмнэх үүднээс би Бээжингээс газраар явсан. Орчуулагч эмэгтэй нь аль болох л хямдхан нислэгийг хайж олж өгдөг. Тэгсэн ч тэр нь цаг хугацааны хувьд давчуу болохоор үнэтэй тусдаг. Миний хувьд олон явсан, дээрээс нь ажил хийж байсан нь үнэн. Анх удаа гурван сарын визээр явж буй залуугийн хувьд их харамсалтай. Ингэж буцдаг хүмүүс зөндөө. Маш олон хүнийг хил дээрээс буцаагаад байна гэж хүмүүс ч их ярьж байна лээ.
Зочин · 2024/09/14
ANUSN80955877
Зочин · 2024/09/14
SAWI80955877
Зочин · 2024/09/14
Угаасаа л скаймеруудыг хурдхан зайлуулах ёстой.
Зочин · 2024/09/13
хуулиа мөрдөж сурсан хүмүүс шүү дээ, өөрсдөө нээнтэг гаргасан л бол даший шог шүү дээ, манайхан ч гэсэн солонгосчуудын хууль дүрмээ дээдэлдэг тэр зангийг нь авах хэрэгтэй
ZOCHIN · 2024/09/13
HUURHIIDUU...HEZEE SOLONGOSCHUUD ...MONGOLD IRJ AJILLADAG BOLOHIIN BOL OO...