Улаанбаатар хотод энэ онд гурван байршилд нийт гурван км үерийн далан барьсан байна. Тодруулбал S'Outlet-ийн буурин дээр 1.5км үерийн далан босгох ажил хийгдэж байгаа. Шунхлай ШТС-ын буурин дээр 270м үерийн хамгаалалтын даланг хүчитгэх, Хайлаастад 350 метр газрыг хүчитгэх, Улиастай гол, Ээж хайрханд өнгөрсөн жилийн үерээр эвдэрсэн далангийн хоёр хэсгийг хүчитгэж дуусжээ.

Харин Жаргалантын амны 1.8 км үерийн далангийн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан "Жаргалантын аманд үерийн далан байгуулах ажил 70%-тай байна. Уг далан хоёр хэсэгтэй бөгөөд 800 метр даланг барьж дуусгасан. Одоо дараагийн буюу нэг км далангийн ажил үргэлжилж байна. Аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.

Дата төвийн хажуугийн намагтай хэсэгт экскаватор ажиллахад хүндрэлтэй, хөрсний ус ихээр гарч байгаа 200 метр хэсэг газрын ажлыг хийчихвэл төлөвлөсөн хугацаандаа дуусна.

Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Соёмботой хөшөө, Энхтайвны гүүрний нүхэн гарцын хажуугийн хоёр ханыг цутгах, 25 дугаар эмийн сангийн ард талын нурсан даланг цутгах ажлууд 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ" гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, найман байршилд үерийн хамгаалалтын далан сувгийг хүчитгэх, шинээр барих ажил хийж байгаа юм. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлжээ.

Мөн тус дүүргийн 15 дугаар хороо, “Акуа гарден” хорооллын зүүн талд үерийн даланг хүчитгэх ажил хийнэ. Энэ хүрээнд төлөвлөгөөт шугам болон далан цэвэрлэгээг үе шаттайгаар хийж байгааг албаны хүмүүс онцоллоо.

Улаанбаатар хот 163 км үерийн далантай бөгөөд 450 км далан барьж байж хотыг үерийн эрсдэлээс хамгаалах тооцоолол гарчээ.