Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX тэмцээн” “Буянт-Ухаа” спорт ордонд 2024 оны 9 дүгээр сарын 20-нд болох гэж байна.

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах ХХ тэмцээн”-ийг Дэлхийн Бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид манай орны шүүгчидтэй хамтран шүүх юм. Та бүхэнд олон улсыншүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгч, БНХАУ-ын улсын шүүгч Марко Лю:



Марко Лю нь БНХАУ-ын “Beijing Dance Academy”-н цэнгээнт бүжгээр мэргэшсэн анхны төгсөгчдийн нэг бөгөөд өдгөө БНХАУ-ын бүжгийн спортын холбооны Стандартын бүжгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэгээр тодорсон. Тэрбээр “Beijing Dance Academy”-д багшлахын зэрэгцээ олон улсын чанартай, чансаагаараа дээгүүрт бичигддэг томоохон тэмцээнүүдэд шүүгчээр ажилладаг туршлагатай шүүгч юм. Мөн “Beijing Dance Academy”-н сургалтанд ашиглагдаж буй “Цэнгээнт бүжгийн техник” номын зохиолч бөгөөд түүний бүтээсэн номыг цэнгээнт бүжгээр мэргэшин хичээллэгч охид хөвгүүд өөрсдийн сургалтдаа тасралтгүй ашиглан, суралцсаар байдаг. Өнгөрсөн 4 дүгээр сард Монголын Бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан “Activation” дасгалжуулалтын кэмпийн зочин багшаар уригдсан тэрбээр энэ удаа “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах ХХ удаагийн тэмцээн”-ий шүүгчээр ажиллана.

 

Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгч, БНСВУ-ын улсын шүүгч Хана Тү Транг:



Хана Тү Транг нь Вьетнам улсад бүжгийн спортыг үндэслэгчдийн нэг бөгөөд улсынхаа бүжгийн спортын шилдэг мэргэжилтэн юм. Тэрээр Ханой хотод байрлах студиэрээ дамжуулан бүжгийн спортын шилдэг тамирчдыг бэлтгэхээс гадна Вьетнам улсад зохион байгуулагддаг “Thanglong DanceSport Championship” олон улсын бүжгийн спортын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллдага. Энэхүү тэмцээн нь тус улсад зохион байгуулагдаж эхэлсэн анхны олон улсын тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Түүний шавь нар Дэлхийн бүжгийн спортын холбооны тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог ба энэ оны дэлхийн шилдэг бүжгийн спортын тэмцээн болох “German Open Championship”-д өсвөр насны шавь түрүүлсэн нь анх удаа Вьетнамын тамирчин тус тэмцээнд алтан медаль хүртсэн явдал байсжээ. Үүгээрээ бүжгийн спортынхны дунд шуугиан тариад байгаа юм. 

ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны тэргүүн, шүүлтийн системийн мэргэжилтэн Александр Зубенко:



Тэрээр Монгол улсад анх удаа 1988 онд соёлын солилцооны арга хэмжээний оролцогчоор ирж байсан. ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортыг үндэслэгч тэрбээр 2004 оноос хойш Монголын бүжгийн спортын холбоотой нягт харилцаж, дасгалжуулагчийн болон шүүгчийн мэдлэг туршлагаа харамгүй солилцож ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монголын бүжгийн спортын холбооны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтахын зэрэгцээ шүүлтийн системийг гардан ажиллуулж буй тушрлагатай мэргэжилтнүүдийн нэг юм.

 

Дэлхийн “латины шоу бүжиг”-ийн 3 удаагийн аварга, Дэлхийн мэргэжлийн “латины шоу бүжиг”-ийн аварга, Шоу бүжгийн үнэмлэхүй аварга хос ОХУ-ын Москва хотоос хүрэлцэн ирж буй Фёдор Полянский ба Дина Ахметгареева

Тэд 2016 онд Дэлхийн бүжгийн спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах “латины шоу бүжиг”-ийн тэмцээнд үзүүлсэн “Казанова” үзүүлбэр нь анх удаа тэдэнд Дэлхийн аварга хэмээх хүндэт цолыг олгожээ. Түүний дараагаар 2018 онд мөн “Пиноккио” үзүүлбэр нь Дэлхийн Латины шоу бүжгийн түүхэнд шуугиан тарьсан бөгөөд тэднийг Дэлхийн хошой аварга болгосон юм. 2019 онд Дэлхийн бүжгийн спортын холбооны мэргэжлийн хэлтсийн Дэлхийн аварга шалгаруулах Латины шоу бүжгийн тэмцээнд үзүүлсэн “Жокер” үзүүлбэр нь мөн л бүжгийн спорт сонирхогчдын нүдийг нээж, сэтгэлийг баясгасан юм.

Фёдор ба Дина нар одоо ч мэргэжлийн хэлтсийн тамирчин төдийгүй “латины шоу бүжиг”-ийг чадварлагаар дэглэж буй эрч хүч, сэтгэл хөдлөлийн туйл болсон бүжигчид юм.