Монгол Улсын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрсний борлуулалт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэгвэл ирэх жил бид түүхэндээ анх удаа 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Нүүрсний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байна.

Тодруулбал, 2022 онд манай улс 36 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол энэ дүн өнгөрсөн онд хоёр дахин өссөн. Тиймээс бид 2024 оны төсөвтөө 60 сая тонныг экпортлохоор төлөвлөхдөө тонн тутмыг нь 140 ам.доллар буюу 490 мянган төгрөгөөр арилжаалахаар тусгажээ. Энэ оны долоодугаар сарын байдлаар БНХАУ руу нийт 47.5 сая.тонн нүүрс экспортолсноос 34.5 сая тонн нь коксжих нүүрс эзэлжээ. Энэ нь БНХАУ-ын нийт импортолсон коксжих нүүрсний 51 хувийг эзэлсэн байна. Тиймээс төсвийн тодотголоор энэ онд 78 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг Сангийн яам шинэчлэн танилцуулсан.

Тэгвэл ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.7 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 35.5 хувь, нийт зарлагын хэмжээг 35.6 их наяд төгрөг буюу 37.5 хувь, төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ийн хоёр хувьтай тэнцүү байхаар төлөвлөв.Төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн нүүрсний үнийг нэг тонн нь 129 ам.доллароор тооцон 83.3 сая тонныг экспортлохоор тусгасан байна. Харин үүнийг олон улсын шинжээчид 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч болзошгүй гэдэг таамаглалыг дэвшүүлэх болсон. Дээр нь БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарч, Монголоос экспортлогдож буй түүхий эдийн эрэлт, үнэд нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэдий дээрх эрсдэл үүсч болзошгүй ч БНХАУ нь 2029 он хүртэл эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 300 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хотуудыг өргөтгөх, техник технологийн үйлдвэр нэмж байгуулахаар тусгасан нь гангийн болон түүхий эдийн эрэлт тогтвортой байх үндэс болно гэдэг зураглалыг ч гаргажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын коксжих нүүрсний экспорт 7.9 сая тонноор илүү буюу 30 хувиар өссөн бол БНХАУ-ын нийт импортолсон коксжих нүүрc 15.5 сая тонноор нэмэгдэж, 15 хувь өссөн үзүүлэлт гарчээ. Коксжих нүүрсний зах зээлд Монгол Улстай өрсөлдөхүйц бусад орнууд болох ОХУ, Австралийн нүүрсний экспортын гүйцэтгэлийг харвал ОХУ, БНХАУ руу 17.8 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.4 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Харин Австрали улсын хувьд БНХАУ-ын талаас тогтоосон экспортын хориг цуцлагдсаны дараах жилүүдэд нүүрсний экспортлох хэмжээ эргэн сэргэсэн ч хориг тавихаас өмнөх жилүүдийн түвшнээс хэд дахин буурчээ. Тиймээс өмнөд хөрш рүү гаргах нүүрсний экспортыг 83.3 сая тонн байхаар тооцсон гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин