“Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх аравдугаар сарын 4-нөөс үзэгчдийн хүртээл болгоно
2024/09/24
УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр энэ оны үзвэрийн жилийн нээлтээ хийх гэж байна. Ингэхдээ шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж толилуулах юм.
Тус уран бүтээлийг 2011 онд буюу Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан олны хүртээл болгосон бөгөөд тодруулбал, УДЭТ-ын 80 жилийн ойгоор 2011 оны аравдугаар сарын 28-нд нээж байв.
“Тэнгэрийн хүү” жүжигт Хүннү гүрний Их хаан Түмэн Шаньюгийн ууган хүү Модун Шанью хайртай бүхнээ золиослон улс гүрнээ хамгаалж, удирдан залж буй тухай өгүүлдэг. Эл жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглох бөгөөд ирэх аравдугаар сарын 4-нөөс үзэгчдийн хүртээл болгоно.