Аялагч Г.Ганхүү энэ удаад Филиппиний Манила хотод ажиллаж буй монгол компанийг очиж танилцуулсан нь олны анхаарал, талархлыг хүлээлээ. “Бичил глобус” санхүүгийн группийн Ерөнхий захирал Самдангийн ОТГОНБАТЫН үүсгэн байгуулсан “Чико” компани мэдээллийн технологийн шийдлээр Филлипинд зээл олгож байна.

 

20 сая хүнтэй Манила хотын том худалдааны төв, хөдөлгөөн ихтэй газруудад монгол инженерүүдийн бүтээсэн программ хангамжтай 10 терминалаар 112 мянган филиппин зээл аваад байгаа ажээ. Ердөө 2 минутад багтан, монгол компаниас шуурхай зээл авч болдог, ухаалаг төхөөрөмж нь 24 цагийн ажиллагаатай.

 

“Чико” гэдэг алдартай ховор жимсээр нэрлэсэн монгол компани Филиппиний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамгийн том шагналыг хүртсэн. Шинэ технологи нэвтрүүлсэн, хэрэглэгчдэд ээлтэй, нутгийн иргэдэд өндөр цалин хөлс олгодог, татвар хураамжаа найдвартай төлдөг зэрэг олон үзүүлэлтийг нь үнэлж энэ шагналыг олгодог юм байна. 

 

Хоёр монгол залуу өдөр тутамд удирдаж, 36 филиппин хүн ажилладаг “Chikо” компани яг одоо гар утасны зээлийн аппликейшн хөгжүүлж байна. Самдангийн ОТГОНБАТ 2017 онд Америкт бичил зээл олгодог компани байгуулж, Монголын санхүү, мэдээллийн технологийн салбарт шинэ зам нээж байсан хүн юм.

 

Чико компанийн Филиппин дэх төслийн амжилт Өмнөд Азийн 260 гаруй сая хүнтэй Индонез зэрэг дараагийн том зах зээлд нэвтрэх түлхүүр юм. Самдангийн ОТГОНБАТ нь нүцгэн уулын энгэрт шинэ ой бүтээсэн, хотод дугуйн шинэ 9 зогсоол байгуулсан зэрэг сайн үйлсийн санаачлагч. Монголчууд түүхий эд хямдхан гаргасаар ирсэн түүхийг өөрчлөх боломжтойг “Чико” компанийн финтек технологи ашиглан нээсэн зам харуулж байна.