Шагналын мөнгөө аваагүй тул лигийн 10 баг бүгд эсэргүүцлээ илэрхийлэн суулт зарлажээ
2024/10/07
Монголын хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн "Улаанбаатарын Мазаалайнууд" клубийн зүгээс өмнөх улирлын шагналын мөнгөө өгөөгүй, энэ жилийн лигийн зохион байгуулалт тааруу байгаатай холбогдуулан суулт зарласан билээ.
Тодруулбал тус клубийн мэдэгдэлд "26 жилийн түүхтэй манай клубийн зүгээс Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож ирсэн.
2024-2025 оны улирал эхлээд хоёр тойрог өнгөрч байхад холбооны зүгээс өмнөх улирлын шагналын санг одоо болтол өгөөгүй, мөн анх удаа 16 багтай бүрэлдсэн "Нэгдүгээр лиг"-ийн зохион байгуулалт тааруу байгаатай холбогдуулж тоглолт бүрийн эхний минутад суулт зарлаж" байгаагаа мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар "Улаанбаатарын Мазаалайнууд" клубийн менежер Б.Төрболдоос тодруулахад "Бид хоёр асуудлаар суулт зарлаж байгаа. Өнгөрсөн жилийн нэгдүгээр лигийн шагналын сан 110,000,000 төгрөг. Энэ мөнгийг 10 баг үзүүлсэн амжилтынхаа дарааллаар хувааж авах ёстой. Манайх өнгөрсөн жил долдугаар байр эзэлсэн тул 8,000,000 төгрөг авах ёстой ч одоог хүртэл авч чадаагүй байна. Холбооноос бол санхүүжилт орж ирээгүй байна гэсэн тайлбар өгдөг. Уг нь шагналын мөнгийг улирал дууссаны дараа буюу наадмын үеэр өгөх ёстой юм.
Мөн энэ жилээс нэгдүгээр лиг 16 багтай болсон. Гэвч шинэ улирал эхлээд лигийн зохион байгуулалт тааруу, албан ёсны ямар ч мэдээлэл олон нийтэд түгээж чадахгүй байгаа тул алдаагаа залруултал суулт зарлахаа мэдэгдсэн. Зөвхөн манай баг гэлтгүй бусад баг ч эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн" гэж ярилаа.
"Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилт орж ирэхээр шагналын мөнгийг олгоно"
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржтой холбогдоход "Дээд лиг, нэгдүгээр лигийн шагналын санг Азийн Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааны зардлаас бүрдүүлдэг. Би саяхан энэ асуудлаар Азийн Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудтай уулзаад ирсэн. Бидэнд одоог хүртэл санхүүжилт нь орж ирээгүй байгаа. Өнгөрсөн оны аудитын дүгнэлт гарсны дараа санхүүжилтээ олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Зөвхөн манай холбооны асуудал ч биш Азийн Хөлбөмбөгийн Холбоонд данстай 48 улсын санхүүжилт ч мөн олгогдоогүй байгаа.
Манай холбоо хоёр байгууллагаас үйл ажиллагааныхаа зардлыг олдог. Нэг нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос, нөгөөх нь Азийн Хөлбөмбөгийн Холбооноос санхүүжилт авдаг.
Энэ онд гэхэд дээрх хоёр байгууллагаас санхүүжилт гэж найман тэрбум төгрөг авах ёстой. Нийт зардал нь 10 тэрбум төгрөг болдог. Энэ зөрүүг нь дотоодын үйл ажиллагаанаас бүрдүүлдэг.
Холбооноос зөвхөн Нэгдүгээр лигийг зохион байгуулдаггүй. Нийт 48 тэмцээн зохион байгуулах зардал орж байгаа" гэв.
Түүнээс тэмцээний зохион байгуулалтын талаар лавлахад "Энэ жилээс лигийн зөвлөл гэж байгуулагдсан. Энэ зөвлөлд 17 хүний бүрэлдэхүүнтэй. Дээд лигийн болон Нэгдүгээр лигийн хоёр багаас төлөөлөл багтсан. Клубийн эздээс бүрдсэн тус байгууллага нь Дээд лиг, нэгдүгээр лиг, Супер цомын тэмцээнийг зохион байгуулах юм. Холбооноос тэмцээн зохион байгуулах талбай, шүүгчээ гаргаж өгөх л үүрэгтэй. Энэ үүргээ бид хариуцаад хийж байгаа" гэсэн юм.
Зочин · 2024/10/07
TSGN UILCHLGG XUSEMJLD
Зочин · 2024/10/07
ANUSN80955877