Бусаны олон улсын наадмын кино маркетад “Voo”-гийн ээлжит бүтээл “Мөрч” олон ангит кино оролцож, уран бүтээлээ танилцуулж байна
2024/10/08
29 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадам энэ сарын 2-11-нд үргэлжилж буй. Өмнөд Солонгосын Бусан хотын Хаеундэ-гуд жил бүр зохион байгуулдаг тус кино наадам нь Азийн хамгийн чухал кино наадмын нэг юм.
Эл наадам нь шинэ кинонууд болон анхны бүтээлээ хийсэн найруулагч нар, ялангуяа Азийн орны найруулагчдыг Ази болон дэлхийд таниулах зорилготой.
Өнөө жилийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх “Asian contents & Film market” кино маркетад манай улсаас “Voo”-гийн ээлжит бүтээл “Мөрч” олон ангит кино оролцож, уран бүтээлээ танилцуулж байна.
“Оранж” энтертайнмент болон “Мобинет” ХХК-ийн “Voo” үйлчилгээтэй хамтран бүтээж буй “Мөрч” олон ангит кино 2025 онд үзэгчдийн хүртээл болох бөгөөд кинонд Монгол Улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу XIX зуунд өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлнэ. Түүнчлэн эл бүтээл нь түүхэн цаг үеийг харуулж буй Монголын олон ангит уран сайхны анхны кино гэдгээрээ онцлог. Киноны найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллаж буй бөгөөд гол дүрүүдэд Н.Ялалт, Б.Батмэнд, О.Оюун зэрэг туршлагатай уран бүтээлчид залуу жүжигчидтэй хамтран тоглож байгаа аж.