Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд Оогий буюу О.Оюунцэцэг бусдыг залилсан гэх мэдээлэл түгэх боллоо. О.Оюунцэцэгийг Оогий брэндийг үүсгэн байгуулагч, Кнайтын Австрали Монгол сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Тэгвэл тэрбээр дээрх асуудалд дараах албан ёсны тайлбарыг хийлээ.

 

Тодруулбал, Оогий "За ер нь цахим орчинд хамгийн их гүтгүүлж, доромжлуулж буй хүний ард тэс өөр үйл явдал болж байдаг гэдгийг биеэрээ туулж байна.

Энэ бүхэн хэзээ эхэлсэн бэ? гэвэл Монголд барилга бариулах, захиалга өгч, төлбөр төлсөн тэр мөчөөс эхэлсэн… Гадны хөрөнгө оруулагчдын мөнгийг нь аваад тэднийг “хэн ч биш болгоод” дампууруулж, нийгмээр нь үзэн ядуулж, хөөгөөд гаргадаг технологийг над дээр хэрэгжүүлээд жил хагас болж байна.

Намайг дампууруулж, унагаж, залхаагаад би “мөнгө, бүх юм аа, барилга аа” орхиод аль хэдийн явах ёстой байсан ч унагах тоолонд нь өвдгөө гөвөөд, нулимсаа арчаад буцаж босож ирээд байгаад тэсвэр нь алдаж байгаа бололтой. Намайг луйвар хийсэн мэтээр нийгэмд мэдээ өгч (мэдээж бизнес дээр буцаалт гарсан нь, хийгдээд явж байгаа нь үнэн - үүнийг би хэлсээр ирсэн), өөрсдийн бузар луйвраа нуун халхалж, надаар тахил өргөөд дуусгана гэж эндүүрч байгаа бололтой! Хуулийн дагуу явж байгаа хэдий ч цаг идсэн, мөнгө түгжсэн маш удаан процесс юм байна. Энэ болж буй бүхэн харин ч намайг илүү хүчирхэг болгож байх шиг байна.

Эмэгтэй хүн, энгийн айлын хүүхэд Монголд бизнес хийх ямар хэцүүг яс, мах, цусаараа мэдэрч шантармаар үе гарч байгаа хэдий ч өмнө өө тавьсан зорилго, олон хүүхдийн ирээдүй, миний эх орондоо хийх зүйлсийн дэргэд жижиг өргөс юу билээ гээд авч шидэж, ажлаа хийж урагшилж байна.

Би залуу бизнес эрхлэгч эмэгтэй надад алдаа, оноо бий тэрийгээ би нуугаагүй ирсэн. Үүнээс Ферм дээрх төслийг эхлүүлсэндээ л хамгийн их харамсдаг. Төсөлд цаг хугацаа орж буйг, визний асуудал нь манай багаас бус олон газраас хамаарч буйг тайлбарлах, гуйх…

Виза гарсангүй гэж хараахаас илүүтэй эцсийн шийдвэрийг Австралийн цагаачлалын алба шийддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүхнийг ойлгохгүй мөнгө төлсөн л бол хаан байх ёстой гэж аяглах тэр хүмүүсийн арга эвийг олох нь төслөө урагшлуулахаас төвөгтэй сорилт байдаг юм байна. Ямартаа ч бидний явуулсан хоёр хүн Австралийн ферм дээр ажиллаж байна. Энэ эхлүүлсэн ажил уул нь өргөжөөд 70,8 хакрес буюу 174 га газар дээр өөрсдийн жижиг фермээ эхлүүлэх ажил дөнгөж эхлээд явж байна. Энэ нь 5 жил тутам 10 хүнд спонсор олгох боломжтой гэх мэт олон Монгол ферм, малчдад хэрэгтэй л төсөл юм уг нь. Гэхдээ мал амьтантай харилцахаас илүү бусдыг ойлгодоггүй хүмүүстэй харилцах нь яс хавталзсан ажил юм байна аа...

Орчин үед хууль шүүхээр бус хэдэн төгрөг өгөөд л цахим орчинд хүнийг, бизнесийг шүүж, нэр төрийг гутааж, хэн ч биш болгодог болжээ. Тэр бүү хэл "чамд бэлгийн хүчирхийлэл хийнэ" гэж заналхийлэлд ч өртөж үзлээ.

Бизнест уналт босолт гардаг юм байна лээ. Бидний хувьд хэзээ ч ямар ч хүнийг луйвардсан зүйл байхгүй. Унасан нь үнэн! 12 сард цахим буллидүүлэхэд нэг дор маш их буцаалт гарсан нь ч үнэн! Манайхаас хүмүүстээ хугацаа өгөхийг гуйж, ихэнх хүмүүсийн төлбөрийг хуваан төлөөд дуусаж байна - үлдсэн цөөхөн хүмүүс байгаа. Энэ бүхэн тохиолдож буй сорилт нь элдвээр гүтгэж, доромжилж, харааж болно гэсэн үг биш! Хуулийн дор амьдарч байгаа улс юм бол хүний нэр төрд хүндэтгэлтэй хандана уу" гэлээ.