“One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пэйн зочид буудлын тагтнаас унасны улмаас амиа алджээ
2024/10/17
Британийн дуучин, нэг үе алдаршиж байсан “One Direction” поп хамтлагийн гишүүн асан Лиам Пэйн 31 насандаа Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын зочид буудлын гурван давхраас унаж, нас барсныг албаныхан өчигдөр мэдээлжээ.
“Хөгжмийн зохиолч, гитарчин, One Direction хамтлагийн гишүүн асан Лиам Пэйн өнөөдөр Палермо дүүргийн зочид буудлын гурван давхраас унасны улмаас нас барлаа” гэж Аргентины нийслэлийн цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Архи, мансууруулах бодисын нөлөөнд орсон байж болзошгүй эрэгтэй хүн түрэмгий ааш авир гаргаж буй тухай дуудлага авсан цагдаа нар зочид буудалд очиход дуучин “өрөөнийхөө тагтнаас өөрөө үсэрсэн” гэж тус газрын хэвлэлийн төлөөлөгч Пабло Поличико тайлбарлажээ.
Өндрөөс унасны улмаас ноцтой бэртсэн дуучны амийг аврах боломж байгаагүйг Буэнос-Айрес хотын түргэн тусламжийн албаны дарга Алберто Кресенти мэдэгдсэн байна.
Пэйн хуучин хамтлагийнхаа нэг гишүүн Наил Хораны тоглолтод оролцохоор Буэнос-Айрес хотод ирээд байсныг Аргентины хэвлэлүүд мэдээлжээ.
“One Direction” хамтлагийг 2010 онд Британийн телевизийн “The X Factor” уралдаант нэвтрүүлэгт оролцсон Пэйн, Хоран, Харри Стайлз, Луис Томлинсон, Зэйн Малик нар байгуулж байв.
Өсвөр насны хөвгүүдийн хамтлаг тэр дороо амжилтад хүрч, Биллбордын Top 10 жагсаалтад зургаан дуу нь багтаж, үнэнч шүтэн бишрэгчидтэй болж байжээ.
2016 онд тус хамтлаг уран бүтээлээ завсарлаж байгааг зарласан ч тараагүй юм.
Дараа нь хамтлагийн гишүүд бүгд тус тусын ганцаарчилсан уран бүтээлийн замыг хөөж байлаа.
Пэйн хуучин найз бүсгүй болох дуучин Шэрил Көүлээс төрсөн долоон настай хүүтэй юм.
Талийгаачийн ард түүний аав Жофф, ээж Карин болон Рут, Никола нэртэй хоёр эгч нь үлдэж байна.
Эх сурвалж: AFP
Зочин · 2024/10/18
AWI80955877
Зочин · 2024/10/17
ANUSN80955877