Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.О нь нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүнчлэн түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. 

Тодруулбал, Н.О нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор 55 сая төгрөгийн хахууль авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. 

Тиймээс энэ талаар тус дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Одоогоор бидэнд мэдсэн зүйл алга. Дарга цэрэг татлагатай холбоотойгоор гадуур ажиллаж байгаа" гэх тайлбарыг өглөө.

 Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Н.О-ийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж,  400 орчим сая төгрөгийг хураан авч, түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон гэх мэдээлэл байна. 

энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс  "Сүхбаатар дүүргийн нэр бүхий албан тушаалтны гэрт нэгжлэг хийж, үйлдэл дээр нь барьсан нь үнэн. Уг хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Хэчнээн хэмжээний мөнгө гэдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр мэдээллэх учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх  боломжгүй" гэв. Өөр нэг албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнээс гадна хоёр алба хаагчийг саатуулсан гэх мэдээлэл өгөөд байна. 

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.О гэж хэн бэ?

 

Төрсөн газар, он: 1978 онд Дархан-Уул аймагт төрсөн.
Боловсрол, мэргэжил: 1986-1996 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1996-2000 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч, 2013-2015 онд Газарчин дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2014-2016 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засагч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 2002-2005 онд “Онлайн центр” ХХК-д худалдааны менежер, 2008-2013 онд “Алтай Хянган” ХХК-д нарийн бичгийн дарга, 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017-2024 оны 07 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга, 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа аж. 

 

Тэрбээр дөрвөн жилийн өмнө буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга байхдаа мөн 16 тэрбум төгрөгийн 5 хувийг авсан гэх хэрэгт холбогдож байжээ.