“Ардын намын халааснаас Ардчилсан намаа салгана” сэдвээр “Эрх чөлөө төв”, АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Эрх чөлөө төв”-ийн тэргүүн н.Чинбат: " АН УИХ-ын 2020, 2024 оны болон орон нутгийн сонгуулиуд дээр удаа дараалан ялагдлаа. Ялагдаж буй шалтгааныг гаднаас хайгаад байгаа нь харамсалтай. АН-д сэхээлэг хүмүүс яагаад саналаа өгөхгүй больчихов оо? Учир шалтгаан нь маш тодорхой. 2024 онд гэхэд л АН сонгуулийнхаа пиарыг хийж чадаагүй. Яагаад гэвэл эртнээс тохирсон, арилжаа наймаа хийх сонирхолтой удирдлагын баг байснаас АН ялагдсан. Нөгөө нэг том шалтгаан нь иргэд Х.Баттулгад их дургүй байгаа. Түүний эдийн засагт үзүүлсэн лай ланчигийг рациональ хандлагатай сайн мэдэж байгаа.

АН-ыг МАН-ын халаасанд орох үйл явдлыг ч Х.Баттулга нээсэн.

Орон нутгийн сонгуулийн үр дүн бол АН-д гэхээсээ илүү Х.Баттулга, Лу.Гантөмөр нарт итгэхгүй байгаатай холбоотой. АН-ыг үзэл санаагүй болгож, эрх чөлөөний үзлээс нь ухрааж байгаа хүмүүс АН-ын удирдлагын баг, УИХ-д орсон учраас иргэд итгэхгүй байгаа юм.

Засгийн Газарт АН орсон нь ч иргэд итгэхээ больсон шалтгаан. АН МАН-тай яг адилхан юм ярьдаг болсон. Үзэл санааны ялгарлыг устгасан. Манай намд цус нөж ярьдаг нацистууд, фашистууд, өмч хураая гэдэг коммунистууд байдаг болсон. Орон нутгийн сонгуульд сэтгэцийн эмгэгтэй шахуу, логикгүй юм ярьдаг лайвчдыг нэр дэвшүүлсэн. Х.Баттулгын хүний нөөц нь л энэ. Эрүүл ухаантай хэсгээ намаасаа холдуулж байгаа. АН-ыг үзэл санаан дээр нь авчрахгүй бол Монголын ардчилал устана. Манай улс Венесуэл лугаа болно, Орос шиг болно.

Иймээс АН буцаад үзэл санаан дээрээ очих ёстой. АН Х.Баттулга гэсэн Кремлийн төслөөс салах ёстой.

 

АН лайв хийж эргүүтдэг, сэтгэцийн эмгэгтэй шахуу хүмүүсээс салах ёстой " гэв.