Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаа мэдэгдээд буй. Ингэхдээ ирэх сарын 8-наас хойш тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олгох бол дараах шалгуур, үзүүлэлтүүд тавигдах юм байна.

  • Тээврийн хэрэгслийн эзэмшигч Улаанбаатар хотын оршин суугч байх
  • Авто замын тухай хууль болон Зөрчлийн хуульд заасны дагуу төлбөрөө барагдуулсан
  • Жолоочийн даатгалд хамрагдсан
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь Евро 4 болон түүнтэй дүйцэхүйц байгальд бага хохирол учруулдаг
  • Тээврийн хэрэгсэл нь сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн
  • Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон
  • Улсын дугаарыг олгохдоо иргэний хүсэлт гаргасан хугацаа, хайбрид хөдөлгүүртэй, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноо, зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд давуу эрх олгож, эрэмбэлнэ.

Нийслэлд бүртгэлтэй нийт 785,000 машины 75% буюу 588,000 нь буруу талдаа жолооны хүрдтэй. Зам тээврийн ослын шалтгааны нэг буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл, уг тээврийн хэрэгслийг хориглохгүй ч цаашид дэмжихгүйг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдэв.