“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулангийн тухай онцолж байна. Тэрээр манай эмэгтэй тамирчдаас анх удаа лигонер тамирчнаар сонгогдож, Хятадын эмэгтэй лигт тоглохоор болоод байгаа билээ.

 

Ах, дүү сагсчид

 

сонин mn

Шигшээ багийн тамирчин О.Хулангийн хувьд 2017 оноос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлжээ. Түүний энэхүү спортод дурлах болсон хамгийн том шалтгаан нь түүний ах О.Энхбаатар билээ. Ах нь анх МУИС-ийн оюутан байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж амжилт гаргасан нь ийнхүү дүүд нь хүчтэй нөлөөлжээ. О.Хулан энэ тухайгаа “Анх ах бид хоёрын хэн, хэн нь сагсаар хичээллэж байгаагүй.

 

Ах маань МУИС-д элссэн жил найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн юм билээ. Тэгээд л бэлтгэлдээ яваад байх шиг байсан. Нэг л мэдэхэд Sprite лигийн MVP болоод, үнэхээр, сайжирсан. Ах гэдэг дүүгийнхээ хувьд үргэлж үлгэр дуурайлал нь байдаг.

 

Ахыгаа хараад л сагс тоглох эрмэлзэлтэй болж, МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Ингээд Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ах алт, би мөнгөн медаль хүртсэн. Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж бол үнэхээр гоё” байсан хэмээн анх энэхүү спортоор хичээллэж эхэлсэн үеийнхээ тухай ярьсан байна. Энэ үеэс эцэг эх нь охиноо дэмжиж эхэлсэн гэнэ. Оюутан байхад нь аав нь өглөөний бэлтгэлд тогтмол хүргэж өгч, бэлтгэлээ тараад орой ирэхэд хоол бэлдээд, хувцсыг нь угаачихсан байдаг байж. Ингэж гэр бүл нь бүхий л сэтгэл зүрхээрээ охиноо дэмжиж байхыг нь хараад О.Хулангийн хувьд илүү их хичээж, хөдөлмөрлөх ёстой гэсэн нэгэн зорилгыг өөртөө тавьжээ. Энэ үеэс хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр Монгол улсын шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч болж, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуудуулсаар ирсэн юм.

 

Олимпын наадмын тугч

 

сонин mn

2020 оны Токиогийн олимпод монголчууд анх удаа багийн спортоор оролцсон нь 3х3 сагсан бөмбөгийн төрөл байв. Орон орны шилдгүүд нэг дор цугладаг, эх орноо дэлхийд таниулах хамгийн том дэвжээ бол мэдээж олимп.

 

Тэр жилийн цэнгэлийн манлай олимпын наадмын тугч нь О.Хулан байсан юм. Хэдийгээр Монголын охидын шигшээ хожил авч чадаагүй ч энэхүү спорт олимпын наадамд оролцох хэмжээний хөгжиж, тэнд дэлхийн шилдгүүдийн өөдөөс монгол охид тоглоно гэдэг өөрөө хамгийн том амжилт билээ.

 

Токиогийн олимпын нээлтийн тухай О.Хулан“. Одоо санах нь ээ, хамгийн ачаалалтай, адал явдалтай өнгөрсөн өдөр бол нээлтийн ёслолын өдөр. Нээлтэд 206 орны 11.268 тамирчин оролцсон бөгөөд бид нээлтийн ёслолын шууд дамжуулалтаас гурван цагийн өмнө очиж, эгнээ байраа эзлэн зогсох хэрэгтэй болсон. Суудал байгаагүй учраас бүхий л орны тамирчид ээлжээ хүлээн эгнэн зогсож, аажим аажмаар урагшилсаар талбайд гарахад 12,000 үзэгчийн суудалтай "Ниппон Будокан" цэнгэлдэх хүрээлэнгийн бүхий л суудал дээр "Токио-2020" олимпын бэлгэдэл болох чихмэл тоглоомуудыг тавьсан байсан нь гүн сэтгэгдэл төрүүлж билээ” хэмээн дурсамж хуваалцаж байв. Харин О.Хулангийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл нь тэрээр манай эмэгтэй сагсчдаас анх удаа гаднын лигт тоглох лигонер тамирчин болжээ. Тодруулбал, Азийн хамгийн том лигүүдийн нэг Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглохоор боллоо. Тэрээр Хятадын Ухань хотын “Ухань Шенфан” багт нэг улирал тоглох гэрээ байгуулсан байна. О.Хулан зургаадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд шигшээ багийн хамт оролцож III байр эзэлсэн. Энэхүү тоглолтын дараагаар түүнийг Хятадын баг элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн төвдөө есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан аж. Хятадын мэргэжлийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээд лигт 19 баг өрсөлддөг бөгөөд “Ухань Шенфан” нь өнгөрсөн улиралд лигтээ 14 дүгээр байр эзэлжээ.

 

Блиц

 

Овог нэр: Онолбаатарын Хулан

Төрсөн он сар: 1997.07.27

Биеийн өндөр: 180 см

Мэргэжил: МУИС-ийг санхүү, менежментээр төгссөн

Амжилт: U23 ДАШТ-ний тавдугаар байрын шагналтай

Дэлхийн чансаа: 338

Шүтдэг тамирчин: Стивин Карри

Харьяалагддаг баг: “Улаанбаатар Амазонс”

 

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин