Хүүхдийн төлөө санд 19 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ
2024/10/24
Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг батлан хэрэгжүүлсэн.
Тус журам хэрэгжсэнээс хойших хугацаанд:
- Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 16.9 тэрбум төгрөг
- “Хүүхдийн фонд” ТББ-аас буюу соёл, урлаг, спортын тоглолтын орлогоос 2.1 тэрбум төгрөг
- Байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив 17.2 сая төгрөг, нийт 19 тэрбум төгрөгийн орлого тус санд төвлөрчээ.
Үүнээс олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцож тус журамд заасан болзол шалгуур хангасан 217 хүүхдийн шагнал урамшуулал, дэмжлэгийг олгоход 490.9 сая төгрөг зарцуулагдаад байна.
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг шинэчлэн баталжээ.
Журмын шинэчлэлээр Сангийн хөрөнгөөс санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ буюу
- хүүхдэд зориулсан барилга байгууламж шинээр барих;
- хүүхдэд зориулсан барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх;
- хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зохицуулалт тусган, хүрээг тогтоосныг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.
Мөн тус сангаас санхүүжилтээр дэмжих төслийн саналыг тухайн жилийн төсвийн хуулиар батлагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулах хүртэлх үе шат, хугацааг нарийвчлан тусгасан байна.
Түүнчлэн Хүүхдийн төлөө сангаас олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд олгож буй шагнал урамшууллыг Засгийн газраас олгох шагнал урамшуулалтай давхардуулан олгохгүй байх зохицуулалтыг тусгаж, уралдаан тэмцээн, наадам, олимпиадын жагсаалтыг шинэчлэн баталжээ.
хүннү · 2024/10/25
Ихэнх орлого нь машины дугаараас л орсон байна. Дугаар олголт нийслэлд ашиггүй болоод, “цаашид дугаар олгохгүй шүү” гэж туниад байгаа юм байна. 16,9 тэрбум төгрөг нийслэлд орсон бол дарга нар гадаадад “туршлага судлах” байж.
Зочин · 2024/10/24
хүүхдэд зориулсан мөнгийг өөр зүйлд зарцуулж болохгүй авьяаслаг хүүхдүүүдийг сайн шагнаарай