Ардчиллыг зөвөөр төлөвшүүлбэл авралын од, харин буруугаар ашиглавал хор, хорлолАрдчиллыг зөвөөр төлөвшүүлбэл авралын од, харин буруугаар ашиглавал хор, хорлол
өчигдѳр
Хүн гэдэг амьтан “олж авсан” үзэл бодолдоо (үзэл сурталдаа) л хөтлөгдөн амьдарч, бас тэмцсээр нас эцэслэдэг. Хүн болж анх төрөх үед нь мэдээжээр түүнд ямар нэгэн үзэл санаа байдаггүй. Орчин тойрон нь, нийгэм нь л хүнд үзэл суртал олгодог. Ингэхлээр үзэл суртал бол ихэнхдээ хүн нэг бүрд санаатай олгогддог зүйл юм. Гэхдээ үзэл санаа (үзэл суртал) бол нийлмэл зүйл, олон бүрдэл хэсэгтэй зүйл. Түүнд уламжлалын, угсаатны, шашны, түүхийн, улстөрийн гэхчилэн олон хольц буй.
Бүрэлдсээр, төлөвшсөөр, зүгширсээр үзэл санаа нь эзнээ бүрэн эзэмдэж, “бараг л боолоо болгодог”. Ингэхлээр хүнийг зөврүү, бас бурууруу хөтөлдөг гол эзэн бол үзэл суртал юм.
Хүн төрөлхтний түүхэнд гарч байсан том том өөрчлөлтүүд (дэвшилт, ухралт) ямагт л аль нэгэн үзэл сурталтай шууд болон дам холбоотой байжээ. Энэ бол нэгэн үнэн. Өөрөөр хэлбэл үзэл суртлыг ашиглаж, хүмүүсийн ухамсрыг түүгээрээ зэвсэглэж байж л, тэднийг материаллаг хүч болгож байж л өөрчлөлтийг хийж иржээ. Дэлхий дахины түүх унших, судлах аваас “яг л тийм байжээ” гэж хэн ч ухаарна. Хэтэрхий нуршаад яахав ингээд орхиё... Эдүгээ бидний үед байдал ямар байна вэ? ХХ, XXI зуунд л гэе. Олон үзэл суртал байсан, одоо ч байна. Болоод өнгөрсөн бүх дайны цаана үзэл суртал л тэмцэлдэж байв. Өш хонзон болж ужгирч үлдсэн нь ч буй. Халуун дайн ч, бас хүйтэн дайн ч үзэл сурталтай л холбоотой байсан. Одоо “ардчилал” гэх үзэл суртал олон нүүр, олон өнгө аяс, бүр элдэв баг, өмсгөлтэйгээр таван тив, дөрвөн далайгаар явж сайн, бас муу хэргүүдээ хийсээр байна. Муу санаатнууд, элдэв зүсмийн овсгоотонгууд, дүр эсгэгчид, бүр шинэ колончлогчид ч “Ардчиллыг” ашиглах боллоо. Ардчиллын цаана хэн ч нуугдаж байж болох цаг үе ирчихжээ. Ардчилал бол өөрөө муу үзэл санаа биш, огт шинэ зүйл ч бас биш. Зөвөөр эзэмшигдэх, хэрэгжих аваас, зөв хүчний үзэл суртал болох аваас сайн үр дагавартай, дэвшлийг ч авч ирдэг үзэл суртал мөн. Энд маргалдах боломжгүй. Гэвч муу хүмүүс, муу хүчний зэвсэг болж ашиглагдах аваас халуун, хүйтэн зэвсгээс ч илүү их хөнөөл учруулах шинж, чанартай нь бас нотлогдоод байна. Ардчиллыг дэлгэрүүлж байна, тэтгэж дэмжиж байна, бас хамгаалж байна гэсээр далд, муу зорилгоо зарим хүмүүс, зарим хүч хэрэгжүүлж чадах болов.
Сайныг мөрөөдсөн, сайханд хүргэхээр амласан үзэл санаа бүхэн тун түргэн, өргөн тархдаг. Анх сэдсэн, дэвшүүлсэн эзэд нь амьд байхад л хэрэгжиж, туршигдаж эхэлсэн, өргөн олныг эзэмдэж материаллаг хүч болж чадсан үзэл санаа ч цөөнгүй, шашин суртал ч цөөнгүй. Ахин дахин сэргэж, ахин дахин туршигдсан нь ч бас байгаа.
Гэхдээ аль нэгэн үлэмж муу санаа, зорилгод ашиглагдсан нь харин цөөхөн гэж хэлж болно. Дэлхий дахин даяаршилд автагдах хэрээр сайн зүйлийг ч гэсэн муу зорилгод ашиглах хорон санаатнуудын ур чадвар бас дагаад л өсчихлөө. Ийм үзэгдэл үзэл суртлын төрөл, хэлбэр бүхэнд ажиглагдах болов. Хуурах, төөрөгдүүлэх, мөлжих, боолчлох, эзлэх, эрхшээх, мухар сүсэгт автуулах, самууруулах, улстөрийн тогтворгүй байдлыг үүдэх, зөрчил мөргөлдөөнд хүргэх, дайн өдөөх, эв эеийг эвдэх, иргэний дайнд хүргэх зэвсэг болгон ашиглах нь ч улам улам л өргөжиж байна, таних ойлгоход ч бэрх болсоор байна. Тухайн цаг үедээ тэргүүний гэгдэж, “моодонд орж”, бүх нийтээрээ сонирхож, татагдаж байсан үзэл санаа, суртлыг муу хүмүүс уриа лоозонгоо болгон ашиглаж “хэргээ бүтээх” гэдэг санаархал төдхөн оролдлого болон хувирч байсан жишээ, баримт бараг л улс орон нэг бүрд буй. Эерэг нь ч, бас сөрөг нь ч нэг хэсэгдээ л амжилт олж байжээ. Хүмүүсийн сонирхол, шохоорхол ийнхүү элдвээр ашиглагдаж, заримыг нь зөв хэргийн төлөө, заримыг нь буруу хэргийн төлөө тэмцэлдүүлж иржээ. Ингэж үзэл санаа, үзэл суртал л нийгэм дэх олон янз субъектуудыг төрүүлэн гаргаж байжээ. Элдэв зүсмийн хонзогногчид, элдэв зүсмийн буруу номтон, дээд ба доод төрөлтөн, эзэд ба боолууд, большевик ба меньшевикүүд, дарангуйлагчид ба ардчилагчид, арьс өнгө болон өрнө, дорноор ялгаварлагчид бүгд л аль нэгэн тодорхой үзэл суртлаас төрөн гарцгаасан билээ. Орчин үеийн жанжлагчдын бурангуй үйлдлүүдийн цаана мөн л тодорхой нэгэн үзэл санаа, хуурамчлал, төөрөгдүүлэлт нуугдаж буй юм. Ганц жишээ татъя.
АНУ-ын тагнуулын ерөнхий газрын даргаар 1969 он хүртэл ажиллаж байсан Аллен Даллес “Ядуу буурай, хүн ам цөөн, жижиг улс орнуудад ардчиллыг сурталчил. Тэдэнд хөгжиж эхэлж байгаа гэсэн цол гуншин зүүлгэ. Тэдэнд задгайрч, мөхөж буйгаа мэдэхгүй болтол нь хүний эрх эдлүүлж, юу дуртайг нь хийлгэ.
Либерал, либертари үзэл суртлыг бага залуу өсвөр насныханд нь заа. Дараачийн улстөрчид нь төрд гарах үе ирэхэд өөрсдийн нь үр сад эх орноо бидний заасан ардчиллын мөрөөр мөхөөх, сүйтгэх болно. Тэдэнд мөнхийн сайн сайханд хүрнэ гэсэн хуурамч итгэл төрүүл. Тэд яг л хавхан дээрх бяслаганд дурлах хулгана мэт хошуурцгаах болно. Залуусыг нь завхай зайдан зүйлд дасга. Уламжлалт үнэт зүйлсийг нь худал гүтгэлгээр үгүйсгэж нураа. Бодол санааг нь улстөр-нийгмийн асуудлыг сонирхдоггүй болгож хордуул. Тэгэхийн тулд спорт, секс, тоглоом, бүжиг, хошин шог, шоу мэт зүйлсэд л дурлуул. Мөн бүхий л боломжит мансууруулах бодисыг аажмаар тасралтгүй нэвтрүүл. Сэтгэл санааны хувьд Хүн юу ч хийж болно. Тэр бол хүний эрх гэж итгүүл. Үндэсний бахархал, эх оронч үзэл, хүмүүжлийг нь өсвөр үед нь байхгүй болгочих аваас Бид тэр улсыг эзэлчихлээ гэсэн үг...” хэмээсэн захиас, төлөвлөгөөг АНУ-ын дарангуй улстөрчдөд үлдээжээ. Үзэл санаа, үйл ажиллагааны энэ чиглэл, төлөвлөгөөг тэд мөрдөж, хэрэгжүүлж байгаа нь энэ XXI зуунд олон олон баримтаар нотлогдсоор байна. Эр цэргийн илд, бамбай дайсны гарт байхдаа чамайг хөнөөдөг. Харин анд нөхрийн чинь гарт байх аваас чамайг авардаг, хамгаалдаг шиг л зүйл юм даа, энэ Ардчилал чинь! Аллен Даллес энэ чанарыг нь мөн ч айхтар таньсан хүн байжээ. Гашуунаар, бас түгшүүртэйгээр “бахархаж болох” тохиолдол юм даа...
Аллен Даллесын энэ үг, энэ төлөвлөгөөний талаар надад анх (1989 онд) хэлж, “бодууштай зүйл шүү!” хэмээн сануулж байсан хүн бол Ж.Сандагдорж байж билээ. Москвад сургууль төгссөн, орос хэлтэй, тэр цаг үеийн олон олон үзэгдэлд (ялангуяа дарга нарын хүнд сурталд) ихээхэн шүүмжлэлтэй ханддаг, тун ч хорон, ёжтой үгтэй, шаггүй сэтгэгч нөхөр юм шүү.
Ийм шинж, аашнаасаа болоод тэр цагийн Дээд боловсролын хороо, Гэгээрлийн яамны улирдлагад хавчигдаж ч явсан юм билээ. Ардчилсан үзэл санааг ихэд дэмжих мөртлөө зэрэгцүүлээд хардаж, наад цаад үр дагаврын нь талаар эргэцүүлэн бодох ухаан, сүйхээ тэр цагт түүнд байсан нь сонин. Сандагдорж хожуу нь Сионы мэргэдийн протоколуудтай Аллен Даллесын мөнхүү төлөвлөгөөг холбон үзэж, гарал, угшил нь нэг л хүн, хүчнээс эхэлсэн байж ч болох юм гэж надад сануулж байв. Тийм байж ч болох талтай. Сандагдорж бол ХХ зууны сүүлчийн 20 жилээр тооцох аваас тэр үеийн тун ч шаггүй сэтгэгч байсан юм. Даан ч аргагүйн эрхээр бизнесийн хүрээрүү татагдан орчихсон, гэхдээ ёж үг, утга санаа гүнзгий афоризмууд цуглуулсаар, мөн өөрөө зохиож хэлсээр л яваа нэгэн... Одоо бол Сандагдорж хаа сайгүй явчихсан, хал дол цохичихсон, халуун чулуу ч долоочихсон, энэ цагийн эвгүй нөхцөлд бас ч гэж ноён нуруугаа алдахгүй л явж байгаа хүн. Их ч бартаа туулж, олон ч даваа давсан, өвдөж зовохын ард ч гарсан, өрөөл бусдын олон нүүрийг ч таньсан, эр хүний замын хүзүү уртыг ч, эзэн нь хичээвэл заяа нь хичээдгийг ч харуулж, бас сурталчилж яваа нэгэн дээ... ХХ зууны сүүлийн хагасаас АНУ-ын төр, засаг болон мөн гүнийн, далд төр, засаг нь (тагнуулын ерөнхий газар, пентагон, бусад) энэ үзэл санааг илээр, бас далдуур баримталж хэрэгжүүлсээр бүтэн жарныг өнгөрөөж ихэд туршлагажиж, нүүрээ ч нууж чаддаг, өөртөө гэм хоргүй сугаран үлдэж ч чаддаг, өрөөл бусдыг түүхий эд, материал болгон ашиглаж ч чаддаг болов. Өнөөдрийг хүртэл тэд бараг л арав шахам улс орноор тоглож амжаад байна.
Бид хүчтэй, бид хөгжилтэй, бид эзэд байх тавилан заяатай, чи биднийг дага, захирагд, бүр бидэнтэй адилхан хэл, соёлтой бол, эс тэгвээс чамайг устгана. Дэлхий даяараа энэ л дүрэмд захирагдах ёстой.
Уламжлалаа, үндэсний бахархал, үнэт зүйлсээ хая! Манай шашин л ганцаараа үлдэх учиртай... гэхчилэн тулгах, шаардах, цэрэг зэвсгээр хүчирхийлэн эзлэх нь энд ч тэнд ч гарсаар л байна. Дэлхий дахиныг бүхлээр нь захирах, ноёрхох, мөлжих гэсэн хүч эхэндээ элдэв тусламж, хүмүүнлэгийн арга хэмжээ, барууны бодлогыг хэрэгжүүлэгч олон сангийн нэр, нүүрээр бага буурай орнуудад орж ирдэг. Тэгээд л тусалж байгаа дүр, нүүрээр далд, хорон санаагаа хэрэгжүүлдэг ажээ. Багаахан хэмжээний мөнгө барьж орж ирээд байгаа бүхнийг нь элдэв аргаар цөлмөн авсан жишээ, баримтын тоо нэмэгдсээр л байна. Карне, Ротшильд, Рокфеллер, Фордын гэх угшилтай олон олон санд хүмүүс одоо итгэлгүй ханддаг болчихлоо. Арга ч үгүй юм...“Ардчиллыг ашиглаж” бусдыг бусниулан самууруулж, бүр хөнөөж, хор, хорлолыг тарьсаар байгаа хүмүүс, хүчнүүдээс болгоомжлогтун! Ардчиллын үнэт зүйлүүдийг жинхэнэ ёсоор, жинхэнэ нүүр царайгаар нь үүсгэх, төлөвшүүлэх, хөгжүүлэхэд дээр дооргүй анхаарахтун! Хуурамч ардчиллын занганд орж улс орноо, хүн ардаа, нийгмээ мөхөх, сөнөхөд бүү хүргэгтүн!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Зочин · 21 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877