Арваннэгдүгээр сарын 8-ны Баасан гарагаас Улаанбаатарт автомашины дугаар шинээр олгохыг ХЯЗГААРЛАНА
2024/11/06
Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл машин шинээр авсан Улаанбаатарын иргэн бол энэ сарын 8-наас шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд улсын дугаар олгох зохицуулалт үйлчилнэ.
Үүнийг агаарын бохирдол, замын түгжрэл, зөрчил, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сард нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар баталсан тогтоолыг мөрдүүлж эхлэхийг албаныхан тайлбарлаж буй. Гэхдээ энэ зохицуулалт шинээр машин авсан орон нутгийн харьяат иргэдэд хамаарахгүй.
Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоход тавигдах шалгуурууд:
- Тээврийн хэрэгслийн эзэмшигч Улаанбаатар хотын оршин суугч байх
- Авто замын тухай хууль болон Зөрчлийн хуульд заасны дагуу төлбөрөө барагдуулсан
- Жолоочийн даатгалд хамрагдсан
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь Евро 4 болон түүнтэй дүйцэхүйц байгальд бага хохирол учруулдаг
- Тээврийн хэрэгсэл нь сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон
- Улсын дугаарыг олгохдоо иргэний хүсэлт гаргасан хугацаа, хайбрид хөдөлгүүртэй, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноо, зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд давуу эрх олгож, эрэмбэлнэ.
Албаны эх сурвалжаас тодруулснаар импортоор орж ирсэн болон орон нутгаас Улаанбаатарын иргэнд тээврийн хэрэгслээ худалдсан тохиолдолд улсын дугаар олгох үйлчилгээг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв/ЗХУТ/, орон нутаг хоорондын шилжилт хөдөлгөөний бүртгэл, үйлчилгээг Авто Тээврийн Үндэсний Төв/АТҮТ/ үзүүлнэ. Улаанбаатарын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох үйлчилгээг АТҮТ-ийн зургаан цэгээс олгоно.
Оношилгоонд ороогүй, Улаанбаатарын дугаартай 81,000 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд 12 дугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Ингэснээр тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулах шаардлагыг тавьж байгаа гэж ойлгож болно. Хэрэв эдгээр тээврийн хэрэгслээс оношилгоонд ороод тэнцээгүй бол бүртгэлээс хасагдах юм байна.
Харин бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох байдлаар зохицуулна. Энэхүү зохицуулалтын эцсийн зорилго нь нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байлгах аж.
Зочин · 2024/11/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/06
SRXSDN8P955877