Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 10:00 цагт болно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт болохоор товлогдсон.
Энэхүү хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй гэж мэдэгдээд буй.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг саяхан шүүхийн байранд ирлээ. Мөн түүний гэр бүлийнхэн цуглажээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны долдугаар сарын 19-нд zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг
- нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,
- Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглаж задруулсан,
- Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдуулах орлогоо зориуд худал тодорхойлсон нуусан,
- татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон орлогыг мэдсээр байж ашигласан гэх дөрвөн хэрэгт гэм буруутайд тооцож дөрвөн жил 9 сарын хорих ял оноосон юм.