Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд хааяагүй л энэ жилийн түрүү бөх хэн бэ, ямар бөх улсын цолтон болох бол гэсэн яриа таамаг яригдсаар байна.

Энэ бол баяр наадмын өмнөх бас нэг наадам юм даа. Тэгэхээр бөх сонирхогчид баяр наадмын бөхийг тун эрт эхлүүлчихдэг юм шиг.

Бөхчүүд гал галаараа бэлтгэлд гараад 20 гаруй хоночихлоо. Зарим галыг удирдаж байгаа хүмүүстэй уулзаж санаа бодлыг сонсоход өөр өөрийн галаас улсын цолтон төрнөө гэцгээж байна. Билгэ дэмбэрлийг бодож сайхан амлаж байгаа нь ч тэр байж мэднэ. Үгүй хуучны хашрууд бол бөхчүүдийнхээ хэмийг мэдэж хэлж байж ч магадгүй л дээ.

Хэн түрүүлэх вэ гэхэд бөхийн хүрээнийхэн аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, гарьд Б.Гончигдамба, заан Ч.Санжаадамба нарыг нэрлэх хүн олон байна. Тийм байж болох л доо. Эдний дотроос хамгийн магадлалтай нь С.Мөнхбатыг гээд байх юм. Уг нь ч тун няхуур бас ухаан, хүч хоёроо тэнцүүлж барилддаг бөх. Давын юманд унахгүй хэнд ч бярдуулаад байхгүй бэрх дээ.

Түүнийг даян аварга болчихоод зогсож байхыг үгүйсгэмгүй л байгаа. Шинэ гарьд Б.Гончигдамба сайн барилдаж магадгүй л юм. Долоо, наймын даваа түүнд хэцүү л байх. Энэ даваанууд ер нь үзүүр, түрүүний бөхийг шалгана даа.

Заан Ч.Санжаа­дамбыг энэ жил түрүүлэх цаг нь яг болсон гэх хүн тааралдаж л байна. Тэр наадмаас наадмын хооронд сайн барилдсаан. Заал танхимын барилдаанд лав зургаа түрүүлж 3-4 удаа шөвгөрсөн. Тэр эрчээрээ наадмаар гараад ирж болох.

Гэвч Ч.Санжаадамба наадмын дэнж дээр л тогтвороо алдддаг, азгүйтдэг нөхөр байгаа юм. Уг нь өдийд арслан байтугай аварга болчихсон байхаар бөх. Улсын цолд хүрэх гэж зовохдоо олоон жил таавар эвдсэн.

Тэгээд заан болсон. Одоо л түрүүлнэ дээ гэж байтал ноднингийн наадмаар Төв аймгийн Б.Батмөнхийг амлан аваад бараагүй. Эвгүйхэн шидүүлсэн. Ер нь л ам авахдаа алддаг юм. Үүнийгээ мартаад байдаг юмдагсан уу. Монгол бөхийн түүхэнд анх удаа 6016 бөх нэг дэнжид зодоглоход босоо л үлдсэн.

Монгол туургатны барилдаанд гурван удаа түрүүлчихсэн. Урьдынхаар бол даншгийн аварга юм даа. Тэр хаврын сүүлчийн барилдаануудад үзэгдсэнгүй. Энэ сайн ч биш дээ. Чингэлтэй уулын хишиг барилдаан, наадмын сорилго гээд томоохон барилдаануудад түүнийг үзэгчид үгүйлэнгүй л байсан.

Бөх хүн хүч үзэж, барилдаж байж л бие хаа нь чангарч, хүч зориг нь нэмэгддэг. Харин хүч, чадлаа нөөж байгаа нь энэ гээд суугаад байвал бяр ч тэгшрэхгүй, ур чадвар, мэхний хувьд ч нэмэхгүй л дээ. Бас Санжаад шал дэмий зөрүүд зан гаргаж нэр хүндээ алдах, олныхоо итгэл найдвар дээр “ус хийх” нь бий.

Улсын начин Т.Өсөх-Ирээдүй, арслан До.Ганхуяг, гарьд Б.Гончигдамба нар шиг төлөв төвшин байвал Ч.Санжаадамба дээшээ л явна даа. Ер нь бөх хүнд илүү дутуу зан хэрэг байдаггүй л байхгүй юу. Энэ үгийг харцага Ц.Содномдоржид хамаатуулж хэлэхэд бас буруудахгүй ээ. Түүн шиг бие хаа сайхан бөх ховор доо.

Барилдаан нь дажгүй. Улсын наадамд түрүүлдэггүй юмаа гэхэд дөрөвт үлдчих магадлалтай бөх. Бас л элдэв алдаа хийж эрхээ хүртэл хасуулсан. Дөрвөн сарын эрх хасалт яахав хугацаа юм дууссан. Харин олон түмний хайр хүндлэлийг алдсан муу нэр дөрвөн сараар төгсөхгүй ээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үг байдаг даа.

Энэ чинь тэгдэг нөхөр шүү гэж учраа нь хүртэл цэрвэж л таарна. Зургаа долоогийн даваа түүнд бас хэцүү. Гол өрсөлдөгч Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва, Б.Батмөнх нарын нэгтэй тунаж магад.

Өөрөөсөө том цолтны аранга улсын начин Б.Пүрэвсайхан гэж нэг хэцүүхэн “дайсан” бий. Г.Эрхэмбаяр аваргын хувьд торолгүй тав, зургаа давна л даа. Харин хөл түргэнтэй начин Р.Пүрэвдагва, Э.Энхбат мэтийн хэцүү учраанууд түүнд бий. Барьж аваад баглачихвал ч хэнийг нь ч хаях л байх. Баригдатлаа хэцүү бөх олон шүү дээ. Бас дэмий ч юм шиг ам дамжсан яриа их байна.

Эрхэм гишүүн Р.Гончигдоржийн нэр нүүрээ барж байж зүтгүүлсэн “Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл батлагдаж нэр бүхий хоёр даян аваргад дархан аварга цол олгоно, тэгээд энэ жил барилдана гэх яриа. Яахав хууль батлагдснаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт дархан аварга цолыг олголоо шүү дээ.

Монгол Улсад зөв юм нь буруу тийш болсон цаг дор хуулийг буцаан үйлчлүүллээ гэж жаахан шуугина биз. Ойрд төрөөгүй дархан аварга цолтон төрнө гэдэг сайхан л хэрэг. Тэгээд зүүний магнайд Г.Өсөхбаяр аварга тэртэй тэргүй дэвнэ. Харин А.Сүхбат барилдана гэдэг юу л бол. Барилдлаа гэе. Цол горьдоод зодог тайлсан болж таарна.

Цол өгөхөөр барилдсан гэж шүүмжлүүлнэ. Монгол бөхөд зодог тайлсан бөх дахин барилдаж байсан түүх бий гэж үү. Байхгүй ээ. Бөхийн ёс жудаг гэж өвгө дээдсээс уламжилсан аугаа юм бий. Зодог тайллаа гэчихээд том цол авлаа гээд гарч ирвэл аварга минь овоо доо гэж нэг хэсэг нь баясах биз.

Гагцхүү монгол түмний дийлэнх зөв гэхгүй л болов уу. Зодог тайллаа гэж дэвжээ юугаа үнсэж төрийн тугандаа мөргөө биз дээ. Өчигдөр дархан аварга цолоо авах үед нь наадамд барилдах уу? гэж асуухад:

-Төрийнхөө наадамд хүндэтгэл үзүүлнээ гэж байлаа. Учраа мэдсэн хүний үг байх л даа. П.Бүрэнтөгс арсланг түрүүлэх ээлж нь болсон гэх нэгэн тааралдлаа. Түүний эсрэг бөхийн мэргэжилтэн гэхээр нэг хашир “Тэр залуу залхуу, бэлтгэл тааруу хийдэг. Алдаг оног барилдахдаа гялалзахгүй байгаа.

За тэгээд ганц мэх нь мордох. Түүнийг нь хэн хүнгүй мэднэ. Тэгээд аргалчихдаг болсон” гэж байна лээ. Нээрээ ч тэр нэг барилдаанд Ховдын бөх, аймгийн харцага Б.Бат-Өлзийд ганцхан дайруулчихснаасаа хойш бөхийн өргөөнд үзэгдсэнгүй ээ.

Үнэндээ улсад түрүүлснээсээ хойш заал танхимын барилдаанд нэг удаа л түрүүлсэн санагдана. Ойчиж л харагдах нь олон байсаан. Д.Рагчаа гарьдыг түрүүлэх бөх гэж хэлэх нь бий. Яаж мэдэхэв. Харж л байя.

Түрүүлэх бөхийн тухайд ийм л санаа байна. Цолоо ахиулж магадгүй бөх цөөнгүй бий. Түмний яриан дундаас түүж үзвэл Ц.Содномдоржийг харцага цолоо халах байх. Түүнтэй нэг зиндаанд хүрч барилдах бөх бол өсөх идэр начин Э.Энхбат гэж байна.

Энэ начин ер нь жигдхэн барилддаг бөх дөө. Хийцтэй, уран барилдаан нь түүнийг дээш татах магад. Гурван удаа начин цолоо баталсан шаггүй бөх. Чингэлтэй хайрхны хишиг барилдаанд барилдсан шигээ одтойхон үзвэл цолоо ахиулна байх.

Гэтэл түүний өрсөлдөгч начин Р.Пүрэвдагва , Б.Пүрэвсайхан нар мөн шинэ цолны төлөө өмнө нь хөндөлсөж байгаа. Тэднээс таарсныг нь арчаад өнгөрлөө гэхэд цаана нь тав, зургаагийн даваанд тунаа хүлээж байнаа. Хэцүү дээ.

Улсын начин Ц.Одбаяр гэж гялбаа шиг нөхөр байгаа. Унагаачих гэж сандаргахгүй ч тэврээд зогсчих бөөн гайнууд Б.Сугаржаргалаас эхлээд бий.

Дөрвийн давааны нугалаанаас ч айхгүй байж мэдэх О.Хангай, Д.Бадамгарав, Л.Лха-Очир, Б.Батзориг, П.Мөнхбат, Н.Золбоо гээд залуучууд байна. Тэд цол горьдож л барилдана даа. Бас аймгийн хурц арслан Б.Батчулуун, Б.Одгэрэл, О.Гантулга нарыг улсын цолд тун ойрхон бөх гэдэг.

Олон ч жил начны тааварт бичигдсэн дээ тэд. Гэхдээ начин болоход учир их бий. Гурвын даваанаас гаргаж өгөх бөх байна уу. Дөрвийн давааг зарим нь аргалах хэрэг гарна. За тэгээд тавын даваанд хүрсэн бол “эр хүний арван гурав” гэдэг шиг л юм болно доо. Найраа гэдэг хорьж болдоггүй юм  энэ үед цэцэглэнэ.

“Эр хүний арван гурав” гэж хэлээд байгаагийн нэг нь яаж ийгээд дөрөв давсан хашруудад боодол боодол мөнгө харагддаг нь нууц биш.

Сүүлийн жилүүдэд тавын давааг мөнгөний даваа гэх болсон нь оносон л нэр. Харжээ байхад бие биенээсээ өрсөөд л унах, тав, зургаан залуу туг тойрч гүйгээд л. Тийм л дүр зураг харагддаг. Энэ жил тэр дүр зураг давтагдах вий гэдэгт эмзэглэнэм.

Ц.Жаргалсайхан

Эх сурвалж: