2013 онд ам.долларын ханш огцом чангарсан нь улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж бүхий л зүйлсийн үнэ ханш огцом нэмэгдэж тэнгэрт хадаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эдийн засаг хөл дээрээ тогтож ядан байгаа хүүхэд шиг тэнцвэрээ олохгүй дүйжигнэсээр байгаа гэхэд болно.

Засгийн газраас хоёр жилийн дотор хямралд орж эрчимт эмчилгээ хийх шаардлагатай болсон эдийн засгаа аварч, эрчимжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн 60 хоногийг ардаа үдлээ. 100 хоногт сэхээнэ гэдэг нь мянгуужингийн үлгэр болсон гэдэгтэй эвлэрэх цаг нь дөхсөөр л...

Долоо хоног өнгөрөх тусам өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйд иргэд сөхөрч эхэлсэн. Эхэндээ ч "юмны үнэ өсөөд авч байгаа хэд маань амьдралд минь хүрэлцэхгүй байна" хэмээн бие биетэйгээ ярилцдаг байсан бол өдгөө ийн ярих нь битгий хэл үнэ нэмэгдэж байгаатай бүүр эвлэрэн яаж хөлсөө дуслуулж олсон мөнгөө амьдралдаа хүрэлцүүлэх тухай бодох болсон. Бодоод бодын шийр дөрөв гэгчээр эдийн засаг хямралаасаа гарахыг л харан суугаа. Гэвч 60 хоногт юу ч өөрчлөгдсөнгүй.

Анх 100 хоногийн тоолуур гүйж эхлэхэд бүхий л зүйлийн үнэ нэмэгдэж, үндэсний томоохон байгууллага дампуурлаа зарлаж, банкны зээлээр үйл ажиллагаа явуулж голоо зогоож байсан хувийн хэд нь хаалгаа барих дээрээ тулаад байгааг учирлаж байсан.

Тэгвэл өчигдөр эдийн засгийг эрчимжүүлэх гол бодлогын хуулиудыг баталсан үр дүнтэй болж өнгөрсөн гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ дуулгалаа.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг бүх нам зөвшилцөж, батлах ёстой ч цөөнхийн бүлэг "Төслийг дэмжихгүй" гэж байр сууриа илэрхийлсэн учраас зогсчээ. Хамгийн гол нь 100 хоног дуусахад валютын ханш, эдийн засаг тогтворжсон байх шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг тавьж байгаа гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Харин тэд үүнийгээ хэрэгжүүлэхэд хөндлөнгийн ямарваа нэгэн садаа үүсэх, УИХ-аас шууд шалтгаалсан нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа алга гэх юм. Ингээд л нам намаараа талцаж, батлах ёстой хуулиудаа батлаад ажлаа хурдан хийгээд, амьдралд хэрэгжүүлж үр дүнг нь үзүүлэх нь чухал гэдгийг гишүүд ойлгож л баймаарсан.

Гэсэн хэдий ч олонхи, цөөнхи хэмээн хуваагдсаар байх юм. Үүнийгээ хэзээ болих улс вэ УИХ-д суугаа нөхдүүд. Улс орныхоо хөгжил, иргэдээ бодох уужуу ухаан энэ улстөрчид дутаад байх шиг.

Дээр нь нэг зүйл ярьж шийдэх болохоороо өмнөх, хойдохоо сөхөн "хэрүүлийн алим" шидэлцэх нь бас л цаг хугацааг хумсалж буйгаа ойлгохгүй юм.

"Чингис бонд ашигтай" гээд ярих улс мэр сэр гараад ирлээ. Хүүнд нь өчнөөн зүйл бариад босгоод бүтээх мөнгө өгч байгаа байж, яаж харахаар ашигтай хэмээн "цоллох" болов.

Энэ талаар Д.Эрдэнэбат: "Өмнөх Засгийн газрын үед Оюутолгой, Тавантолгойг барьцаалж, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогыг барьцаалж 2.7 тэрбум ам.доллартай тэнцэх зээл авсаныг, бид мартаж болохгүй. Энэ зээлийг бид бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэр байгуулахад зориулсан гэхээс илүүтэй халамжийн бодлогод зарцуулсан нь өнөөдөр түүх болж үлдсэн. Чингис бодыг өр гэж их ярьдаг, гэвч энэ мөнгө үйлдвэрлэлийг дэмжихэд, дэд бүтцийг дэмжихэд зарцуулагдсан учраас ард түмний нуруун дээр 100 хувь өр болж үлдэхгүй гэдгийг хэлье" хэмээн онцлоод авлаа.

Түүнээс "Валютын ханш өссөөр 1837 төгрөгтэй тэнцэж байна. Аж ахуйн нэгжүүд дампуурч, ард түмний амьжиргаа доройтлоо. Хаврын чуулган завсарлачихсан та бүхэн амраад эхэлчихсэн байдаг. Хариуцлагыг хэн үүрэх вэ? " хэмээн асуухад тэрбээр "Долларын ханш савлагаатай хэвээр, ард түмний хэрэглээнд нөлөөлж байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгэхдээ Ардчилсан намын бүлэг хуралдсанаар, УИХ хуралдсанаар валютын ханшийг бууруулахгүй. Хийх ёстой ажлынх нь хууль, тогтоолыг УИХ баталсан. Одоо Засгийн газрын хийх ажил үлдсэн. Валютын ханшийг бууруулах үүрэг нь Засгийн газарт байгаа, хэрвээ бууруулж чадахгүй бол бид намрын чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг ярина гэдгийг өмнөх хуралдаануудын үеэр анхааруулчихсан" гэсэн хариултыг өглөө.

Ямартай ч эдийн засгийг доройтуулаад эргэн сэхээж чадахгүй бол Засгийн газраас хариуцлагыг нэхэх юм байна. Эзэнгүй хэрэг гэдэг шиг хөсөр хаяагдахгүй, хариуцлага, хүлээх үүрэх эзэнтэй байгаа нь яамай даа.

Х.Даваа