Хоёр системээс сонгогдсон таван намын 126 гишүүнтэй парламент. Сонгодог парламентын загвар. Үзэл бодол, байр суурийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, өрсөлдөөн. Үр дүн нь Монголын хурдтай хөгжил. Энэ үнэндээ гоё план байв. Харамсалтай нь тэнгэрийн хүлээлттэй эхэлсэн парламент гэрлийн хурдаар газардлаа.

Парламентын нэр хүнд нам унасан нь одоогоор гурван шалтгаантай харагдлаа. Нэгээрээ, хэсгээрээ, нийтээрээ гээд гурван шатлал бүхий асуудлаар парламентын нэр хүндийг алдаж байна.

Нэгдүгээрт: Спикер Д.Амарбаясгалан. Ноён даргыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр ноцтой алдаа гаргасан талаар нэр бүхий гишүүн олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан. Улмаар “УИХ-ын чуулганы индэр дээрээс чуулганы нэгдсэн хуралдааны дэг сахиулах үеэрээ УИХ-ын дэгийн тухай хуулийн 13.2 дахь “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана гэсэн заалт нь байж байгаа” гэж дураараа зохиож уншсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл байж мэднэ” гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байна.

Хоёрдугаарт: Засгийн газар 2025 оны төсвийн төслийг 2024 оны наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Төсөв хэлэлцтэл төсөл гар дээр нь байв. Гэтэл төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлчихсэн 11 дүгээр сарын эхээр хэсэг гишүүн гарч ирээд Засгийн газрын нэр бүхий сайд нарын төсвийг шуургалан шүүмжилсэн. Тэр гишүүдийн шүүмжлэл улс төрийн шалтгаантай байх магадлалтай.

Гуравдугаарт: Нуль попролт, нэл хэрүүл болж байж 2025 оны төсвийг баталлаа. Хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоолыг төсөвтэй хамт баталчихлаа. Энүүгээр нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг үндэслээд төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Дэлхийн байтугай Монголын 76-тай парламентад ч ийм жишиг түүх байхгүй. Чигээрээ Үндсэн хуулийн зөрчил.

Юутай ч ганцаараа, хэсэг бүлгээрээ, олуулаа нийлээд хийсэн үйлдлүүд нь жоомоо алах гээд байшингаа шатаагаад дуусав. Дүнд нь парламентын нэр хүнд шаланд унав.

Ер нь парламентын нэр хүнд спикер нь хэн бэ гэдгээс маш их хамаардаг байна. Ялангуяа яг ийм болоод ирэхээр Д.Амарбаясгалан гологдож, өмнөх спикер Г.Занданшатарын зангараг илтэд үгүйлэгдэж харагдав. Г.Занданшатарыг пиар муутай улстөрч л гэдэг. Хувь улстөрчийн хувьд тэгж харагддаг. Гэвч тэр маш сайн парламентч. Мэргэшсэн гэх нь илүү зохино. Түүнийг спикер байсан таван жилд парламентын байр суурь маш тодорхой, бодлого хийдэг байв. Монголын парламентыг сонгодог загвар руу хөрвүүлэх гэж мөн ч их ажилласан. Олон ч том өөрчлөлтийг хийсэн дээ. Үүгээр парламентын эрх мэдэл, бүрэн эрхийг дархалсан. Харамсалтай нь Д.Амарбаясгалан спикер болоод тэр дархлааг дор нь унагаж байна. Энэ мэт процессын алдааны талаар бодохын ч хэрэггүй. Тиймээс хэрвээ тэр өнөөдөр спикер байсан бол парламент ийм олон алдааг зэрэг, зэрэг гаргахгүй байсан юм. Үүн дээр мөрийцсөн ч алдахгүй. Нэг дэмийг хэлэхэд, эрхэм сэтгүүлчид энэ цагт, энэ сэдвээр спикер асан Г.Занданшатар одоогийн парламентыг юу гэж бодож, харж, ажиглаж, дүгнэж суугааг нэг сонсчихвол зүгээр сэн. Тийм олон том өөрчлөлтийг хийж байхдаа парламентын ийм болохыг төсөөлөөгүй л байх.

Ажиглагч А.Батболд