“Зариг”-ийн Өнөрөө УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай толхилцоод шоронд орсныг мэдэх үү. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Боловсролын зээлийн сангаас их хэмжээний мөнгөн дүнтэй зээл авч гадаадад сурсан ч зээлээ эргэн төлөөгүй нөхдийг эрэн сурвалжилж байхдаа Б.Энхбаярын фактыг ул суурьтай дэлгэчихсэн юм.

 

Манай улсад, энэ цаг үед төрсөн шударга үнэний дуу хоолой мэт авирладаг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд суралцах нэрээр Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу 112 сая төгрөг авсан байдаг.

 

Зээл авахдаа ХЗДХ-ийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Энхбаярыг “Зариг”-ийн Өнөрөө албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байх магадлалтай. Түүгээр ч зогсохгүй БЗС-ийн зээлээр сурсан гэх АНУ-ын Хойд Виржинийн Их сургуулийг төгсөөгүй байж мэдэхээр баримтууд олдсон талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн нь Б.Энхбаярын зуултад орох эхний алхам болсон гэхэд болно. Үүний дараа Н.Өнөрцэцэг Б.Энхбаярын ХЗДХ-ийн сайдын хувьд гаргасан, гадаадын болон дотоодын хоёр компанийн хөрөнгийн маргаанд Хятадын компанийг өмгөөлсөн шийдвэр яагаад гаргав. Сайд та хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн шүү гэдгийг сөхөн хөндсөн билээ. Б.Энхбаярыг улс төрийн хүрээнд төдийгүй сэтгүүл зүйн салбар шүүмжлэлд эмзэг биш, бусад улстөрчдийн адил шүүмжлэл битгий хэл гүтгэлгийг ч ажрахгүй давах нэгэн гэж үнэлж байсан. Гэвч тэр үнэлгээ, тэр хүндлэл энэ хүрээд нуран унаж, харин ч Б.Энхбаяр маш зуумтгай, өш санадаг нэгэн болохыг тов тод харуулчихсан гэж болно.

 

Б.Энхбаяр энэ үеэс Н.Өнөрцэцэгийг шүдэнд орсон мах мэт үзсэн. Тэр хариугаа авахын тулд нүүрсний хулгайн сонсголын үеэр Н.Өнөрцэцэгийг нүүрсний компаниудаас авлига авч, нүүрс тээврийн машинтай болсон, мөнгө хийдэг хүн болсон хэмээн гүтгэсэн.

 

Гэвч үнэн хэрэгтээ Н.Өнөрцэцэгт нүүрсний ямар ч машин байсангүй. Хэрэгт дуртай сошиалчид битгий хэл хамгийн түрүү ам алдсан Б.Энхбаяр үүнийгээ өнөөдөр нотолж чадаагүй л яваа. Н.Өнөрцэцэгт олон хэрэг тохож, шоронд хийж амташсан Б.Энхбаяр үүнээс хойш сэтгүүлчидтэй хонь чоно шиг харьцах болжээ. Сүүлдээ бүр омогшиж, өөрийг нь шүүмжилсэн, баримт факт дэлгэсэн сэтгүүлч болгоныг тэр нүүрсний машинтай нүүрсчин, авлигачин сэтгүүлч гэж адалдаг болов. Өнгөрсөн долоо хоногт Б.Энхбаярын хуулиас давсан эрх мэдэл, Хятадын компанийн талд шүүхийн шийдвэргүй давуу эрх олгохыг шаардсан баримт, фактыг дэлгэсэн сэтгүүлч Р.Саруулыг Н.Өнөрцэцэгийг гүтгэсэнтэй ижил аргаар гүтгэж, “нүүрсчин, нүүрсний машинтай авлигачин сэтгүүлч” гэж цоллоод авлаа. Б.Энхбаяр нэр холбогдсон, түүний сайдаар ажиллаж байхдаа гарсан Хятадын компанид давуу эрх олгосон баримт анх удаа хэвлэлээр гарч байгаа юм биш. АТГ ч энэ хэргийг ид шалгаж байх учиртай.

Харин Хятад хөрөнгө оруулагчтай холбоотой энэхүү баримт нь Б.Энхбаярын хамгийн эмзэг сэдэв бөгөөд тэр мэдээлэл өндийх тоолонд цочин сарвалздаг болж, бичсэн сэтгүүлч бүрийг нүүрсчин болгон гүтгэдэг болжээ. Тайвшир Б.Энхбаяр аа, асуудалд эрүүл ухаанаар ханд. Эхлээд өөрийнхөө үйлдсэн хэрэг, шүүх эрх мэдлийг булаан гаргасан сайдын Албан даалгавар гэгчээ тайлбарлаж өгнө үү!

sonin.mn