УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Манай замын төлбөр бага шүү дээ. Явж байгаа машин л түгжрэлд нөлөөлдөг
3 цагийн өмнө
Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.
Эдгээр тогтоолын төслүүдэд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хүн болгон түгжрэл ямар нөхцөлд байгааг мэдэж байгаа. Шалтгаан, уг үндэс нь юу байна гэдэг дээр арга хэмжээ авах уу гэдгээ л харах ёстой.
Улаанбаатар хот замын даацаасаа хэтэрсэн олон машинтай болчихсон. Гaражийн асуудал хүнд байгаа учраас машинаа зам дагуу тавьдаг нь түгжрэлийн үндэс болдог.
Тэгэхээр үүнийг эдийн засгийн хөшүүргээр сайжруулахаас өөр аргагүй. Манай замын төлбөр бага шүү дээ. Явж байгаа машин л түгжрэлд нөлөөлдөг. Явж байгаа машины хувьд хамгийн их хэрэглэж байгаа зүйл нь бензин байхгүй юу. Зам дээр их явдаг бол бензин их хэрэглэнэ. Тиймээс замын төлбөр нь их байх ёстой.
Нэг машин авчхаад 365 өдрийн 364-д нь хэрэглэдэггүй, нэг өдөр нь хэрэглэдэг бол замын эвдрэлд нөлөөгүй. Гадаадад ухаалгаар хамгийн их замаа ашигладаг, явдаг машинаасаа илүү их төлбөр авъя гэж төлөвлөдөг. Тэр нь манайд юутай уялдах вэ гэхээр ерөөсөө бензинтэй. Бензиний онцгой татварыг нь илүү нэмээд тэр татвараас нь замын сан руугаа аваад засна гэдэг байдлаар уясан юм билээ. Гэхдээ бензиний үнэ нэмнэ гэдэг өөр сөрөг нөлөө ихтэй учраас замын төлбөрийг жигд нэмж байх шиг байна.