Ням гарагт буюу 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана гэдгийг дахин санууллаа.

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн хяналт, шалгалтыг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын үеэр тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, татвар,даатгал,  үзлэг, оношилгоо, зам ашигласны болон агаарын бохирдлын татвар төлсөн эсэх, олон торгуультай эсэхийг шалгаж байгаа.

Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэхгүй байх, түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар хяналт тавьж байгаа юм. Нийслэлийн долоон товчоон дээр ТЦА, Экологийн цагдаагийн албаныхан хамтарсан шалгалтыг хийж байна.

Дээрх зөрчлүүд илэрсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй, түр саатуулах, хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл журам бий. Тодруулбал Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, албан журмын даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. 12 дугаар сарын 1-нээс энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээг авна" гэж өнөөдөр мэдээллээ.

Нийслэлд албан татвараа төлөөгүй 165,238, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266,044, олон улсын, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 510,000 тээврийн хэрэгсэл байгаа аж.