Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах үйл явцыг эхлүүлэх /импичмент/ тухай хуулийн төслийг тус улсын сөрөг хүчний зургаан нам парламентад өргөн барилаа. 

 

“Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулж, хариуцлага тооцох үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг парламентад маргааш танилцуулна” гэж сөрөг хүчний намуудын мэдэгдэлд дурдсан байна. 

 

Онц байдал зарласны дараа олон нийтийн дунд үүссэн сөрөг хандлага нэмэгдсэнтэй холбогдуулан сөрөг хүчний намуудын удирдлагууд Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг түргэтгэхээр шийдсэн бололтой. Уг баримт бичгийг хэлэлцэх хурлыг 12 дугаар сарын 5-нд буюу пүрэв гарагт шилжих шөнө хийхээр товлосон бөгөөд гишүүд санал хураалтыг 24-72 цагийн дотор явуулах ёстой. 

 

Хуулийг батлахын тулд парламентын 300 гишүүний 200-гийнх нь санал шаардлагатай тул эрх баригч намын 18-аас доошгүй гишүүний дэмжлэг сөрөг хүчинд шаардлагатай.

 

Хэрэв импичмент дэмжигдвэл Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргах хүртэл  Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр парламент өөрийг нь огцруулснаас хойш 2017 оны гуравдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн цэцээр батлагдах хүртэл гурван сарын хугацаанд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Орон нутгийн цагаар 12 дугаар сарын 4-ний лхагва гарагт шилжих шөнө Юн Сог Ёль “Умард Солонгосын талыг баримтлагч хүчнүүдийг цэвэрлэх, Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд” онц байдал зарласан.

 

Өөрийг нь албан тушаалаас нь огцруулах үйл явцыг эхлүүлэх оролдлого нь засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулна гэж тэрбээр мэдэгджээ.

 

Онц байдал зарлах тухай Юн Сог Ёлийн шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхэд тус улсын парламентын 300 гишүүнээс 190 нь оролцож, онц байдлыг цуцлахыг бүгд санал нэгтэй дэмжсэн юм. 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг