Мэндчилгээ

Ардчилсан хувьсгал өрнөж жинхэнэ утгаараа парламентын засаглалтай, хараат бус туурга тусгаар Монгол Улс болсноо дэлхий нийтэд зарлан тунхагласан аугаа үйл явцын түүхт 35 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. 

Ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхээр алдаа оноотой зүтгэсэн 35 жилд Монголчууд иргэний нийгэм, хуулийн засаглал, хүний эрх эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй болсон ч мэдэхгүй, ойлгохгүй олон сорилтуудтай тулгарсаар л явна. Дагуул улс, нэр төдий бүгд найрамдах засаглал, нэг намын дарангуйлал, бүрэн тэжээвэр эдийн засаг гээд өнгөрсөн дэглэмийн олон сөрөг зүйлс өнөө ч арилаагүй, нийгмийн сэтгэл зүйд хадгалагдсаар байгаа нь үнэн юм. Судлаачид туулсан замын хамааралт хам шинж хэмээн тодорхойлсон саар үзэгдлүүдээс бүрэн салж гэмээн л шинэ тогтолцоо, шинэ нийгэм утгаараа бүрэлдэнэ. Бидний дунд хуучнаа санан гэгэлздэг, нэг намын захиргаадалтыг сэргээх гэж оролддог, шинэ түүхийг харлуулж, өнгөрсөн нийгмээ гоёчилж харуулах санаархалтай хүмүүс, бүлэглэл оршсоор л байна. Ардчилал гэж асар муу, буруу зүйлийг МоАХ -ны тавьтиргүй танхай гишүүд Монголд нэвтрүүлснээс амьдрал муудсан гэх ухуулга ихээхэн даамжирч, нийгмийн сүлжээгээр тархаж байгаатай ч таарч болно. 

 

Үнэн хэрэгтээ Ардчилсан хувьсгалын ачаар Монголчуудын хожсон, хөгжсөн нь зүйрлэшгүй их, тоочоод барахгүй. Нэр төдий, хуурмаг Үндсэн хуулиа Ардчилсан Үндсэн хууль болгосны үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч баталгаажиж, бизнес хөгжих суурь тавигдан, олон талт гадаад харилцаа цэцэглэж, доголон эдийн засаг эрс өөрчлөгдлөө.

 

Гэвч шинэ тогтолцоонд шилжихэд алдсан зүйлс ч цөөнгүй. Хамгийн том алдаа нь нийтийн баялгийг цөөнхөд алдсан явдал бөгөөд баялгийн тэгш хүртээмжийн тухайд бүгдээрээ бодохгүй, шийдэхгүй бол урагшлахгүй нөхцөлд тулж ардчилсан тогтолцооны амин сүнс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж, засаглалын тэнцвэр алдагдсныг бүгд, мэдэрч байна. Хуулийн засаглал нэр төдийдөж, хууль, шүүхийн байгууллагууд улс төрийн нөлөөлөлд автлаа.

 Цаашид Монгол улс хэрхэн оршин тогтнох вэ? ямархан суу залиар ЕвроАзийн цээжин дэх ардчиллын баян бүрд хэвээр үлдэх вэ? эсвэл дахин дагуул, арал улс болох уу?!… Ардчилсан хувьсгалын хаялгаар харьцангуй тэнхээжсэн Ардчилсан нам төдийгүй ардчиллын бусад институциуд геополитикийн нөхцөл, дэлхийн эдийн засгийн байдал зэрэгтэй уялдуулан зөв бодлого, зөв шийдэл гаргаж, баялгийн тэгш хүртээмж, хийдэлгүй засаглал зэрэгт бодитой анхааран оновчтой, тууштай ажиллаж, олон түмний итгэлийг даах чадамжаа дээшлүүлэх шаардлага урьд урьдынхаас өндөрслөө. Энэ бол бүтэн Монголын төлөө хэнтэй ч хуваалцашгүй бүрэн хариуцлага мөн.

 Ардчилсан хувьсгалын 35 жилийн мэндийг дахин дэвшүүлье! Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ардчилал үргэлж сэргэг байж, Монголчууд цэнгэлийн манлайд хүрэх болтугай.

 

Монголын Ардчилсан Холбоо