НИДЕРЛАНД 0:0 АРГЕНТИН

АРГЕНТИНИЙ ШИГШЭЭ НИДЕРЛАНДЫГ ТОРГУУЛИЙН ЦОХИЛТООР БУУЛГАН АВСНААР ТҮҮХЭНДЭЭ 4 ДЭХ УДААГАА ДАШТ-ИЙ ФИНАЛД ШАЛГАРЛАА. ГООЛГҮЙ ҮНДСЭН ЦАГ, НЭМЭЛТ ЦАГИЙН ДАРАА ПЕНАЛТИАР ЯЛАГЧЫГ ШИЙДЭХ БОЛОХОД СЕРХИО РОМЕРО ГЯЛАЛЗАЖ "УЛБАР ШАР"-УУДЫН 2 ЦОХИЛТЫГ ХААСАН ЮМ. 

ИЙНХҮҮ АЛЕХАНДРО САБЕЛЬЯ-ГИЙН ЗАЛУУС 7 САРЫН 13-НЫ ӨДӨР "МАРАКАНА" ЦЭНГЭЛДЭХЭД ГЕРМАНЫ ЭСРЭГ НҮҮР ТУЛАХ БОЛЖ БАЙНА. ХАРИН НИДЕРЛАНД ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БРАЗИЛТАЙ ӨМНӨХ ӨДӨР НЬ БРАЗИЛИА ХОТНОО ТОГЛОХ БОЛНО.

 

Сан Паулу хотын "Арена Коринтианс" цэнгэлдэхэд 63 мянган үзэгчдийн өмнө хагас шигшээ шатны 2 дахь тоглолт өрнөлөө. Турк шүүгч Жунейт Чакырын дэнсэлсэн уг тоглолт Бразил - Германтай харьцуулахад довтолгоо, хаалга руу чиглэсэн цохилт цөөхөнтэй тоглолт болсон юм. Үндсэн цаг, нэмэлт цагийн турш хоёр багийнхан нийлээд ердөө 3-хан хаалга руу чиглэсэн цохилт хийсэн байна. 

Дэлхийн аваргын түүхэнд анх удаа гоолгүй хагас шигшээ тоглолт энэ болон үлдэж байна. 

Ингээд ялагчыг торгуулийн цохилтоор шийдэх болоход Аргентин илүүрхсэн. Сампдория клубт харьяалагддаг Серхио Ромеро Нидерландын хоёр цохилтыг хааж багаа аварсан юм. 

 

 

Эхлээд тэрээр Рон Влаарын цохилтыг зогсоосон бол дараа нь Уэсли Шнайдерийн бөмбөгийг хаалгандаа алдаагүй. Энэ хооронд Месси, Гарай, Агуеро, Макси Родригес гэсэн Аргентиний залуус бүгд цохилтоо амжилттай болгосноор эх орноо 1990 оноос хойш анх удаа ДАШТ-ий финалд шалгарууллаа. 

Финалд тэднийг эртний танил Герман хүлээж байна. Эдгээр багууд тэмцээний түүхэнд хамгийн олон буюу 7 дахь удаагаа учраа таарах гэж байна. Бразил - Шведийн багууд мөн ийм тоотой тоглож байсан юм. 

Аргентин - Германы шигшээ багууд 3 дахь удаагаа ДАШТ-ий финалд тоглох гэж байна. Өмнө нь 1978 онд Марио Кемпес тэргүүтэй Аргентин хожиж байсан боо 1990 онд Андрес Бреме-гийн ганц гоолоор Герман 3 дахь Алтан цомоо өргөж байсан юм. 

 

 

Лионель Месси энэ өдөр багаа ахлан талбайд гарснаар шигшээ багийн өмсгөлтэй 92 дахь тоглолтоо хийж Диего Марадона-гийн өмнө гишгэж байна. Тэрээр өдгөө 42 гоолтой шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын 2-т явж байгаа бол Марадона 34 гоолыг карьерийнхаа турш оруулсан байна. 

Алехандро Сабелья бэртэл авсан Анхель Ди Мария-гийн байрыг Энцо Пересээр нөхсөн. Мөн өмнөх шөвгийн наймын тоглолтыг торгуулиас болж өнжсөн Маркос Рохо эргэн ирсэн байлаа. 

 

 

Харин Нидерландын хувьд гарааны бүрэлдэхүүнд онцлохуйц өөрчлөлт байсангүй. Тэд шөвгийн наймд Коста Рикаг хожсон бүрэлдэхүүнээс Мемфис Депайг амрааж цавиний бэртлээс эргэж ирсэн Найжель Ди Ионгийг талбайд гаргасан байлаа.

Нидерланд тоглолтын турш тун тааруу байж үндсэн цагт хаалга руу чиглэсэн нэг ч цохилт хийгээгүй. Багийн довтолгооны гол лидер Арьен Роббен л гэхэд 1-р үед ердөө ганцхан дамжуулалт өгсөн гэдгээс тэдний хэр тааруу байсныг харж болно. 

Аргентин ч гэсэн эсрэг багийн талбай руу нэвтэрч, олон сандаргаагүй. Гэхдээ 2-р үеийн сүүлээр Паласио, Агуеро, Макси Родригес нар талбайд орж ирснээр эдний довтолгоо эрчимжиж  хэд хэдэн удаа Силлессеныг шалгаад амжсан юм. 

 

 

Харин эсрэг талаас Нидерландын гоол оруулах гэсэн оролдлог бүр ихэнхидээ Хавьер Машерано дээр ирээд зогсож байлаа. Арьен Роббений гоол болж мэдэхүйц аюултай цохилтыг нэмэлт цагт Машерона хичээл зүтгэл гарган байж зогсоосон юм. 

Нэмэлт цаг эхлэхэд Луй ван Гаальд нэг сэлгээ үлдсэн байлаа. Үүнийгээ өмнөх Коста Рика дээр ашигласантай адил Тим Крулыг оруулж ирнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан боловч тэрээр Клас-Ян Хюнтеларыг гаргасан. 

Гэвч Шальке-гийн залуу талбайд орж ирээд төдийлөн сайн тоглож чадаагүй. Харин түүний өмнө 2-р үеийн дундуур орж ирсэн Йорди Класи Нидерландын дундын шугаманд хэрэгтэй байсан тэсрэлттэй тоглолтыг гаргаж байсан юм. 

Хэдийгээр ялагдсан ч гэсэн Луй ваан Гааль залуусаа магтаж "Хэн ч биднийг ийм хол явна гэж төсөөлөөгүй" хэмээлээ. Тэрээр үргэлжлүүлэн "Нидерланд энэ тэмцээнд онцгой сайн байлаа. Аргентин бол дэлхийн түвшний тоглогчидтой дэлхийн түвшний баг. Бид нар чадах бүхнээ хийсэн ч гэсэн бага зэрэг аз дутлаа"

 

 

Тэрээр Тим Крулыг яагаад талбайд оруулж ирээгүй талаараа...

"Хэрвээ би Крулыг оруулж ирэх байсан бол оруулах л байсан. Тоглолтын үйл явцаас шалтгаалж сэлгээ дууссан учраас надад сонголт үлдээгүй"

Ван Гааль Аргентиний хаалгач Серхио Ромеро-той хамт АЗ Алкмаар клубт хамт ажиллаж байсан юм. 

"Торгуулийн цохилт аз ёндоо тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Би Ромерод яаж пенальти хаахыг зааж өгч байлаа. Би яг одоо энэ тоглолтын талаар ор тас мартмаар байна" 

Арьен Роббен шигшээ багаараа бахархаж байна хэмээсэн бол Уэсли Шнайдер торгуулийн цохилтоор ялагдахыг "үзэн яддаг" хэмээв.

"Торгуулийн цохилт хүсч байсан баг нь Аргентин. Бид нар тоглолтыг өмнө нь шийдэж болох байлаа. Харин тэгж чадаагүй нь бидний алдаа"

"Би буруугаа хүлээж байна. Миний алдаа байгаа. Ийм байдлаар ялагдахыг би үзэн яддаг"

7 сарын 10. Сан-Паулу. Цэнгэлдэх"Арена Коринтианс". 
Шүүгч- Жунейт Чакыр (Турк).

НИДЕРЛАНД- АРГЕНТИН - 0:0 (0:0)
Нидерланд Аргентин
 Яспер Силлессен  Серхио Ромеро
 Дирк Кюит  Пабло Сабалета
 Стефан де Врей  Мартин Демичелис
 Рон Влаар  Эсекьель Гарай
 Бруно Мартинс Инди, 46  Маркос Рохо
 Дэйли Блинд  Хавьер Машерано
 Найджел де Йонг, 62  Лукас Билья
 Джорджиньо Вейналдум  Энцо Перес, 81
 Уэсли Снейдер  Эсекьель Лавесси, 101
 Арьен Роббен  Лионель Месси
 Робин ван Перси, 96  Гонсало Игуаин, 82
Сэлгээ:
 Дэрил Янмат, 46  Родриго Паласио, 81
 Йорди Класи, 62  Серхио Агуэро, 82
 Клас-Ян Хюнтелар, 96  Макси Родригес, 101

Шар хуудас:

 Бруно Мартинс Инди, 45  Мартин Демичелис, 49
 Клас-Ян Хюнтелар, 105  

 

Торгуулийн цохилт 4 : 2-оор Аргентин ялалт байгуулав. 

Торгуулийн цохилт:
 Влаар (0:0 - Хаалгач).
 Месси (0:1).
 Роббен (1:1).
 Гарай (1:2).
 Снейдер (1:2 - хаалгач).
 Агуэро (1:3).
 Кюит(2:3).
 Макси Родригес (2:4).