Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. 

Хуралдаанаар Гашуун сухайт-Ганц мод чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон Франц улсын "Орано майнинг" компанитай хамтран уран олборлох төслийн суурь болох хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ өдөр сайд нарт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ярилцлаа. Мөн нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэв.

Шийдвэрийн тоймыг танилцуулъя.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөдөр 100 хонож байна. 2024 оны 12-р сарын 20-ны байдлаар Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр буюу  81.8 сая тонн нүүрс экспортоллоо.

Арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувь, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна. 

Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Хөгжлийн сан руу 50 хувь орох боломж өнөөдрөөс үүсэж байна. Түүнчлэн нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Цаашид 100 сая тонн нүүрс экспортолдог болохын тулд боомтын нэвтрэлтийг сайжруулах хэрэгтэй байна.

Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөгийн хадгаламж үүссэн бөгөөд захиран зарцуулах эрх нь өнөөдрөөс нээгдэж байгаа. Хамгийн чухал Хуримтлалын санд Эрдэнэс Монгол болон хамтарч ажилладаг уул уурхайн ордын 34 хувьд ногдох иргэдийн хуримтлал байна гэж хуульд заагдсан. 495 тэрбум төгрөг монгол иргэдийн нэрийн дансанд мөнгөжсөн.

Үүнийг иргэдийн тоонд хуваавал монгол иргэн бүрд 135,000 төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Баялаг ашиглагдах тусам хуримтлал арвижих боломжтой. Жилийн хугацаанд 135,000 төгрөг бол эхлэлийн хувьд боломжийн санхүүжилт. Үүнийг бэлнээр зарцуулах боломжгүй. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд ашиглах боломжтой" гэв. 

Тэрбээр "Засгийн газар анх 14 мега төсөл хэрэгжүүлнэ, олон жил мега төслүүд гацлаа. Тиймээс улс төрийн гацааг гаргахаар "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэх гэрээг байгуулж, гурван нам хамтарсан. 

Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг Шанхайд зурсан. Хавраас ажил нь эхэлнэ. Саяхан булангийн орнууд руу бид айлчлал хийгээд ирсэн. Үндэсний баялгийн сангуудтай ярилцахад манай улсыг эрчим хүчний экспортлогч. Ялангуяа говийн бүс байх боломжтой. 2030 оноос Хятадад том хэмжээний хэрэглээ үүснэ, том хэмжээний мега төсөл хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлсэн. 

Бидний хувьд ирэх долоо хоногт Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын талаар Чайна энержитэй ярилцах хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг болно. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн кокс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. 

Олон асуудлын гол зангилаа бол эрчим хүчний салбар. Тиймээс 14 мега төслийн 50 хувь нь мега төсөл. Олон жил гацсан Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэж, ирэх долоо хоногийн Лхагва гарагт УИХ-д өргөн барихаар болсон. 

Энэ төмөр замын хэлэлцээр яагаад 16 жил гацсан бэ гэдгийг түүхэн талаас хөөгөөд үзвэл сонирхолтой логик гарч ирнэ. Удахгүй үүнийг УИХ дээр нээлттэй ярилцах цаг ойртож байна. 2013 он, 2014 онд юу болсон. Яагаад хоёр улсын Засгийн газар хоорондоо хэлцэл хийж чадаагүй. Яагаад “Чайна Энержи” групп болон "Эрдэнэс Тавантолгой" ХК хоёр хоорондоо шууд ойлголцож болоогүй талаар олон логик эндээс харагдана. 

Энэ бол манай экспортыг боомилж байсан томоохон асуудал УИХ-ын чуулганд ирэх долоо хоногоос хэлэлцэгдээд явна. Олон нийт та бүхэн 16 жил гацсан төслийг энэ чуулганд багтааж батлах, Засгийн газар хоорондоо хэлцэл хийх боломжийг гаргахыг дэмжиж өгөхийг хүсэж байна" хэмээн ярилаа.