"Ачит-Ихт"-ийн П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгох саналыг прокуророос гаргаж, Шүүх саналыг хүлээн авч, хүчингүй болгож шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж буй.

Энэ дагуу ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байна.

Тодруулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.