Cудлаач Ганаа: Хотын тээврийн бантан буюу олон улсаар тоглохуй...
14 цагийн өмнө
ЗГ Туул гол дагасан хурдны зам барих тухай ярьж эхлэв. Энэ хурдны замд дургүйцээд, эсэргүүцээд байх шалтгаан надад огт алга. Миний сэтгэлийг улс орны стратегийн бүтээн байгуулалтыг бантагнуулдаг, завааруулдаг, гацаадаг, улмаар шийдвэрээ байн байн өөрчилж тэнэгтдэг, энэ заваан өрсөлдөөндөө олон улсыг татан оролцуулж тоглодог олон удаагийн гутамшигт үйлдлүүд зовоож байна. Иймээс би Та бүхний сайн мэдэх тэнэг тэнэг үйл явдлуудыг хронологийн дарааллаар өгүүлье…
Өмнө нь хутгасан бантан
2010.09 сар. УБ хотод тусгай замын автобустай болногэж улс төрчид ярьж эхлэв. Тусгай замын автобустай болоход хэрэгтэй 27 сая.ам.долларыг Азийн Хөгжлийн банк гаргана гэж ам гарав. Эхлээд Энхтайваны өргөн чөлөөг дагуулан тусгай замаа барихаар төлөвлөв. Гэтэл НИТХ энэ шийдвэрийг өөрчлөн 7 буудлаас Хан-Уул дүүрэг хүртэл барихаар болов.
2011.04 сар. УБ-т метро барих судалгааны ажил дууссан ба 2017 он гэхэд метротой болно гэж амлав. Метроны ТЭЗҮ-ийг Солонгосын“Сүсонг инженеринг” ХК боловсруулсан ба зураг төслийг 1-1.5 жил, барилгын ажлыг 5 жил хийхээр тооцсоноо мэдээлэв.
2012.03 сар. “Тусгай замын автобус” I шатыг 2012-2014 онд хийж дуусгана. Улмаар 2013-2015 онд II шат, 2014-2016 онд III шатыг хийж дуусгаснаар УБ хот тусгай замын автобустай болно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлэв.
2013.03. НИТХ метротой болох асуудлыг хэлэлцэв. Метрог 7 жилийн дотор барих ба 2020 он гэхэд УБ хот метротой болно. Үүнд 1,5 тэрбум долларын санхүүжилт орно, эхний удаад Японы ЗГ 600 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо гэж албан ёсоор мэдээлэв.
2013.05 сар. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл метротой болох судалгааны тайланг УИХ, ЕС, Ерөнхийлөгчид өргөн барив.Энд УБ-ыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урт, 14 өртөөтэй метро барина. Метро барьснаар 156 мянган ажлын байр нэмэгдэнэ гэж танилцуулав.
2013 он. Э.Бат-Үүл тусгай замын автобус ч биш метро ч биш, харин рэйлбус нэвтрүүлнэ гэж гадаадаас зүтгүүр авч, бас хэдэн хэдэн буудлыг засч тохижуулав. Гэтэл тэр рейлбусаар нь явдаг тэнэг монгол ганц ч байсангүй. Амгалангаас Толгойт хүртэл автобусаар 500 төгрөг төлөөд явж болж байхад Бат-Үүлийн рейлбусанд 3000 төгрөг төлж явдаг тэнэг монгол байхгүйд хамаг учир нь байв.
2016.09. Энэ хооронд Монголын эрх баригчид тусгай замын автобус, метро хоёроо мартаж орхив. Аргаа барсан Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал Роберт Гайл “Тусгай замын автобус” төслөө хэрэгжүүлээд өгөөч гэж нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдоос хүсэв. Аль 2014 онд гарын үсэг зурсан хэрнээ монголын дарга нар мартаж орхиж.
2017.01 сар. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас УБ хот 2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно хэмээн мэдээлэв.
2020.01.21. Монголын эрх баригчид хуурай газрын тээвэр хэрэггүй гэж үзсэн учир газрынхаас бусад тээвэр хөгжүүлэхээр шийджээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан агаарын дүүжин тээврийн ажлыг 2020.04 сард эхлүүлж, 2021.06 сард эхний маршрут ашиглалтад орно хэмээн мэдээлэв. Улмаар нийслэлийн түгжрэлийг 4-6 жилд багтаан 90%-иар багасгана гэж амлав. Дашрамд С.Амарсайхан бүр 2015 онд -Оюуны Ундраа-гийн захирал байхдаа дүүжин тээврийн “Air 360” төслөө танилцуулж байсан юм. Улмаар СБ-ын талбай дээр дүүжин тээврийн кабин тавьж үзүүлэв. Монголчуудын ихэнхи нь тэр кабиныг нь нулимав.
2021.09 сар. Монголын дарга нарын солиорол, балайрлын хэмжээ улам бүр нэмэгдсээр… Нийслэлийн Засаг дарга Б.Сумъяабазар:“Туул голыг сувагчилж, 200 метрийн өргөн, зургаан метрийн гүнтэйгээр хотын төвөөр урсгана. Туул голд таван боолт хийж дэлхийн томоохон хотуудын дундуур урсдаг урсацтай болгоно. Улмаар УБ -чууд усан тээврээр зорчдог болно” гэж мэдэгдэв. Хожим эдгээр бичлэгүүдээ нетээс устгасан.
2021.11.11. Нийслэлийн Засаг дарга Б.Сумъяабазар “тулгуурт гүүрэн байгууламж“ шинэ нэр томъёо гарган ирж ЗГ-ийн хуралдаанд оруулав. “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр” гэдэг нь 70 км цагийн хурдтайгаар хот доторх нийтийн тээврийг зохицуулах шинэ ажил гэж тайлбарлав. Тулгуурт гүүрэн тээврийн байгууламжийн эхний шатанд 13 буудалтайгаар нийт 500 орчим мянган иргэнийг хамруулахаар тооцсон. Энэ ажлын ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85%-тай байгаа. Эхний ээлжинд 800 орчим баганын өрөмдлөг хийнэ.
Эхний трасс Нисэхийн тойргоос Сансрын тойрог хүртэл, хоёр дахь нь Гэгээнтнээс Зунжин, гурав дахь нь Толгойт дэд төвөөс Шар хад төв орох юм. 2022-2028 онд бүх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Нэгнийхээ ажлыг нөгөө нь нураасаар 20 шахам жил болж залхсан учир манай эрх баригчид хаагуур ч хамаагүй зам барих, боржуур солих, “ногоон автобус” шахах мэтийн дасаж сурсан хулгай, дээрмээ хийхээр шийджээ. Өчүүхэн жижиг хулгайч нарт өчүүхэн жижиг хулгай тохирдог аж.
Одоо хутгасан бантан
Ингээд 2023 оноос метроны асуудал дахин сэргэж эхлэв. Үүнийг Х.Нямбаатар голлон зүтгүүлж байв. Мэдээж цаана нь гадаад дотоодын улс төрийн том бүлэглэлүүд байгаа. Монголчууд метрог дэмжих ч үгүй, татгалзах ч үгүй, товчоор бол баривал сайн л биз, барихгүй бол тэр л биз. Олон жил хулхидуулсан хүмүүс чинь ийм гөлгөр болчихдог юм байна.
2024.02.02. Метроны зөвлөх үйлчилгээний компанийг шалгаруулах 3 шатат тендер зарлав.Эхний шатанд олон компани оролцсоноос 20 компани II шатанд шалгарч үлдэв.
2024.04.02. II шатны тендер зарлав. Үүнд 20 компани оролцов.
2024.05.20. Саналаа ирүүлсэн 11 улсын 20 компаниас ОХУ, Хятад, Солонгос, Энэтхэгийн 4 компани шалгарч үлджээ. Улмаар метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани шалгарчээ.
2024.10.03. Одоо зөвлөх үйлчилгээ биш, харин метроны барилга угсралтын гүйцэтгэгч компани шалгаруулах тендер зарлав. Одоо тендерт хэн шалгарах бол гэж хүлээх л үлдэв. Гэтэл үүнээс хойш Монголд метроны талаар ам ангайх улс төрч алга болов. Үүний оронд 14 мега төсөл ярих болов. Баяртай метро…
Одоо монголын ЗГ Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км Туулын хурдны замыг байгуулах зураг төсөл гаргаж, тендер зарлах шийдвэр гаргасан.
Ингээд МУ 20 шахам жилийн дотор:
1.тусгай замын автобус
2.метро,
3.рэйлбус,
4.агаарын дүүжин тээвэр,
5.тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр,
6.усан тээвэр гэсэн тээврийн бүх төрлүүдийг барих гэж зураг төсөл хийж, олон улсын тендер зарлаж, ТЭЗҮ хийж дүвчигнөсөн боловч юу ч хийж чадсангүй. Харин хэзээ ч дуусахгүй “ногоон автобусны” хэрүүлтэй үлдэв. Сүүлдээ бүр тендер зарлаж, олон улсаар тоглодог болов. Метроны хувьд гэхэд л 11 улсаар тоглоод хаяж байна. Хийхгүй, барихгүй байсан юм бол ямар үхснээ хийж олон улсын тендер зарласан юм ?!
Олон улсыг ганцхан нийтийн тээврээр хулхидаад байгаа юм биш, манай бараг бүх ажил ийм хулхи, явцгүй байдаг. Жишээлбэл, Таван Толгойд 5 удаа тендер зарлаж, дэлхийн том улсуудыг хулхидсан жишээ бэлхнээ байж л байна. Ийм хөгийн мангар, явцгүй, усан тэнэг төр засгийг олон улсад хүндэлнэ гэж ёстой гонжгор нь. Тэгээд бас “гадаадын хөрөнгө оруулалт татна” чалчих дуртайг нь яана. Гадаадын хөрөнгө оруулалт татах дуртай юм бол эхлээд зарласан тендерээсээ няцаад, таг чиг алга болдоггүй л байхгүй юу. Улс орон ядуу, зүдүү байж болно, харин нэр төргүй, новшийн зан гаргаж болохгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 12 цагийн өмнө
SEKSEER ERCHUUDD80955877
Зочин · 13 цагийн өмнө
SAWN80955877