Үндэсний их баяр наадмын хурдын морьдын салхийг хагалж хязаалан насны морьдын уралдаан үдээс өмнө болсон. Тэгвэл яг одоо Хүй долоон худагт шүдлэн морьд шандсаа сорьж барианд орж ирлээ.

Газар газрийн хурдан хүлгүүд болох 310 шүдлэн өргөж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа.

Аман хүзүүнд Улаанбаатар хотын Хөх чоно группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдалсан. Харин айргийн гуравт ҮХАА яамны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Дашдэлгэрийн Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын том манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдаллаа.

Дөрвийн хонгор халзан үрээ өнгөрсөн жил Дундговь аймгийн баяр наадамд түрүүлээд Төвийн бүсийн даншигт гурваар хурдалсан  ажнай билээ.

Д.Ана