Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг гүйцэтгэхийг хоёр дахь удаагаа оролдож буй мөрдөгчид шат ашиглан ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрчээ. Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг гүйцэтгэж, түүний ордонд нэгжлэг хийхээр олон арван цагдаа нар өглөөний 7:30 цагийн үед хаалт хашлагуудыг давж, Сөүлийн төвд байрлах ордны хашаа руу нэвтэрсэн бөгөөд 10 цаг 30 минутын орчим гүйцэтгэх ажиллагааг явуулан түүнийг баривчилж явжээ. 

 

Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба эхлээд мөрдөгчдийг оруулахгүйн тулд хаалганы ойролцоо автомашинуудаар хаалт босгосон байжээ. Мөн эрх баригч “Ардын хүч” намын хэсэг хууль тогтоогчид ба Юн Сог Ёлийн өмгөөлөгчид мөрдөгчдийг нэвтрүүлэхгүйг оролдож байсан ч ийнхүү гүйцэтгэх ажиллагааг дуусган түүнийг баривчлан явжээ. 

 

Баривчилгааны үеэр ордны гадна олон хүн цуглараад байгаа бөгөөд цагдаа нарын ярьснаар, Юн Сог Ёлийг дэмжигч 6500 орчим хүн ирсэн бололтой. Мөрдөгчид болон Юныг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсны дараа 3000 орчим алба хаагчийг тэнд дайчлан байршуулжээ. Гал унтраах албаныхан дунд эргэм насны эмэгтэйд тусламж үзүүлсэн байна.

 

Үндэсний Ассамблей 12 дугаар сарын 14-нд Юн Сог Ёлийг огцруулах шийдвэр гаргасны дараа мөрдөгчид энэ сарын эхээр түүнийг баривчлахыг оролдсон боловч хамгаалалтын албаны ажилтнууд тэднийг ордон руу нэвтрүүлээгүй юм.  

 

Юн Сог Ёль 12 дугаар сарын 3-нд онц байдал тогтоох оролдлого хийсэнтэй холбогдуулан байцаалт авах гурван зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосны дараа Сөүлийн баруун дүүргийн шүүх түүнийг баривчлах тушаал гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт сунгасан тушаалын хугацаа нэгдүгээр сарын 21 хүртэл хүчинтэй.